Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир албаны хүмүүсийн хамт БНСУ-д ажлын айлчлал хийж байна.
Тэрбээр өнөөдөр /2026.09.04/ БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны дэд дарга ноён Жон Тэ Гю-тэй уулзаж, ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцоо, урт хугацааны асаргаа, халамжийн үйлчилгээ, цахим болон нэгдсэн мэдээллийн тогтолцооны талаар санал солилцлоо.
Манай Улс иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах хүрээнд монгол иргэд ажиллаж, амьдарч буй гадаад улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулдаг. Одоогоор найман улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсны нэг нь БНСУ юм.
Тус хэлэлцээр 2007 онд хүчин төгөлдөр болсноос хойш хоёр улсын иргэдийн нийгмийн даатгалын эрхийг хамгаалахад тодорхой ач холбогдолтой ажиллаж ирсэн ч хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн зах зээл, иргэдийн шилжилт хөдөлгөөний нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн байна.
Иймд өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн хэлэлцээрийг шинэчлэх талаар ярилцлаа.
БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны зүгээс Хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг бүрэн дэмжиж ажлын хэсэг байгуулж идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхээр тогтлоо.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
Одоогоор сэтгэгдэл алга.