СОР17 бага хурлын “Санхүүжилтийн өдөр”-өөр “Business4Land: Риогийн гурван конвенцын хүрээнд газрын санхүүжилтийн зөрүүг нөхөх нь” сэдэвт бизнесийн форумд Францын тансаг зэрэглэлийн аварга групп LVMH-ийн тэргүүн Бернар Арногийн хүү, Loro Piana брэндийн гүйцэтгэх захирал Фрелерик Арно оролцлоо.
Loro Piana брэнд Монголын ноолуурын салбарт 40 гаруй жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2025 онд “Resilient Threads” хэмээх таван жилийн хөтөлбөрийг эхлүүлжээ. Тус хөтөлбөр нь Сүхбаатар аймгийн таван сумын малчин өрхийн амьжиргааг дэмжих, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой болгох, зүүн бүсийн тал хээрийн экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн. Мөн хөтөлбөрийн хүрээнд хүн, мал, байгаль орчны эрүүл мэндийг уялдуулсан “One Health” зарчмыг хэрэгжүүлж, малчдын эрүүл мэнд, бэлчээрийн тогтвортой байдал, уур амьсгалын эрсдэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү санаачилга нь Монголын ноолуурыг зөвхөн өндөр чанартай түүхий эдээр хангах бус, малчин, байгаль, үйлдвэрлэлийг хамтад нь хамгаалсан тогтвортой үнэ цэнийн сүлжээ бий болгох урт хугацааны зорилготой аж.
Business 4 Land форум нь төр, бизнес, санхүүгийн байгууллагуудыг холбон, бодлогын санаачилгыг бодит хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэх гүүр бөгөөд газрыг нөхөн сэргээхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түнш болгон оролцуулах зорилготой юм.
Одоогоор сэтгэгдэл алга.