Home Zug flashТэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо

Тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо

by Naraa Nar

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны зургадугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүнээс 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүнээс 2026 оны зургадугаар сарын 04-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй нэгтгэн хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2026 оны долдугаар сарын 02-ны нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Ийнхүү зөвхөн шимтгэл хураах, тэтгэвэр тэтгэмж олгох нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, даатгуулагчийн хуримтлал, төрийн дэмжлэг, ажил олгогчийн ачааллыг бууруулах бодлого, суурь тэтгэврийн баталгаа, даатгалын сангийн урт хугацааны тогтвортой байдлыг нэгэн зэрэг хангах эрх зүйн цогц шинэчлэлийг хийлээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Хууль батлагдсаны үр дүнд Монгол Улс тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, тэтгэвэр авагчийн орлогыг нэмэгдүүлэх, тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд сонголтод тулгуурлан үе шаттай шилжих, даатгуулагч, ажил олгогчид дэмжлэг үзүүлж нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын сангийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн шинэ орчин бүрдэж буй юм.

Тэтгэврийн мөнгөн хуримтлалын зохицуулалт шинээр бүрдлээ

Даатгуулагч өөрөө хүсвэл төлж буй тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувьтай тэнцэх хөрөнгийг тусгайлан хуримтлуулж болно. Энэ хуримтлал улсын төсвөөс олгох урамшуулал болон хөрөнгө оруулалтын өгөөжөөр нэмэгдэх боломжтой.

Тус зохицуулалтаар иргэн тэтгэвэрт гарахаас өмнө өөрийн нэр дээр хуримтлал үүсгэж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох үедээ нэг удаа, эсхүл хугацаат хэлбэрээр авах, мөн ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжийг бий болголоо.

Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог хуульчлав

Тэтгэврийн тогтолцоо нь суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван давхаргатай байхаар хуульчиллаа.

Суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлж, шимтгэл төлсөн хугацаа болон авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааруулан тооцохоор тусгасан нь бага тэтгэвэр авч байгаа болон олон жил шимтгэл төлсөн иргэдийн орлогын баталгааг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Жижиг бизнес эрхлэгчид, ажил олгогчдыг дэмжинэ

Сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, таваас ихгүй ажилтантай ажил олгогчийн тодорхой тооны ажилтны ажил олгогчоос төлөх шимтгэлийг 36 сар хүртэл, хөгжлийн бэрхшээлтэй ажилтныхыг 60 сар хүртэл чөлөөлөхөөр боллоо. Хэрэв ажил олгогч таван ажилтантай бол гурван ажилтны, дөрвөн ажилтантай бол хоёрынх нь, хоёр ба гурван ажилтантай бол нэгийнх нь ажил олгогчийн төлөх шимтгэлээс чөлөөлнө. Энэ чөлөөлөлтөд даатгуулагч зөвхөн нэг удаа хамрагдах бөгөөд ажил олгогч хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00