Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгуулийг 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан. Улмаар Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор долдугаар сарын 29-ний өдрийг Ардчилсан сонгуулийн ой, “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон юм.
Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монгол Улсад анх удаа олон нам оролцсон, иргэд өөрсдөө төлөөлөгчөө сонгон төрөө зохион байгуулсан анхны, ардчилсан, түүхэн сонгууль байв. Анхны ардчилсан, чөлөөт сонгуульд улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж, сонгогчдын 98 хувь нь саналаа өгсөн түүхтэй.
Анхны ардчилсан, чөлөөт сонгууль нь:
-Монгол Улсын түүхэнд анх удаа олон нам, нэр дэвшигчийн оролцоотой, чөлөөт өрсөлдөөнтэйгээр зохион байгуулсан,
-Иргэдийн нууц санал хураалт, сонгох эрх чөлөө бодитоор хэрэгжсэн,
-Ардчилсан Үндсэн хуульт нийгэмд шилжих үндэс суурийг тавьсан түүхэн ач холбогдолтой.
Шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцдог сонгогч болон нэр дэвшигч, байнгын болон байнгын бус үйл ажиллагаатай сонгуулийн байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Та бүхэнд Ардчилсан сонгуулийн 36 жилийн ой, “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр”-ийн мэнд хүргэе.
