Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний онош Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг дэвсгэрт бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2026 оны А/482 дугаар захирамжаар дээрх сумдын өвчлөл гарсан багийн нутаг дэвсгэрт 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Хорио цээрийн хугацаанд тус сумдын нутаг дэвсгэрт хяналтын цэг, хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, хүн, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж байгаа юм.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, голомтыг таслан зогсоох зорилгоор сумдын Мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжийн малын эмч, мэргэжилтнүүдийг дайчлан ажиллуулж, холбогдох хууль тогтоомж, заавар журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон мэргэжлийн баг Дашбалбар, Чулуунхороот сумдад ажиллаж, халдварын эх үүсвэр, голомтын хүрээг тогтоох тандалт судалгаа болон хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.
Иймд иргэд, малчид хорио цээрийн дэглэмийн үед тогтоосон хязгаарлалтыг мөрдөж, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, мал, амьтны өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ДорнодДата
Одоогоор сэтгэгдэл алга.