Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны санаачилсан “Баянбүрд–Эмэгтэйчүүд” сан /Oasis Women Foundation – OWF/ албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Тус сан нь эмэгтэйчүүдийн манлайллыг байгаль хамгаалал, ногоон хөгжилтэй уялдуулж, газрын доройтол, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, бэлчээр, усны эх үүсвэр, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэн ажиллана.
Сангийн үйл ажиллагаа эмэгтэйчүүдийн манлайлал, байгаль хамгаалал, ногоон санхүүжилт гэсэн гурван үндсэн чиглэлд төвлөрнө. Үүний зэрэгцээ орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулж, байгаль орчин болон орон нутгийн хөгжлийн асуудлаарх шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх “OWF–100” эмэгтэй манлайлагчдын сүлжээ байгуулна.
Эхний таван жилд “Баянбүрд–Эмэгтэйчүүд” сан үйл ажиллагаагаа 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт өргөжүүлж, 70 мянга гаруй малчин өрхөд хүрч ажиллах, 100 эмэгтэй манлайлагч бэлтгэх, 8,000 га-аас дээш талбайг нөхөн сэргээх, 300 гаруй ногоон ажлын байр бий болгох зорилт дэвшүүлээд байна.
Энэ нь байгаль хамгааллыг зөвхөн нөхөн сэргээлтийн ажил гэж харах бус, эмэгтэйчүүдийн манлайлал, өрхийн орлого, ногоон бизнес, орон нутгийн тогтвортой хөгжилтэй уялдуулсан цогц санаачилга гэдгээрээ онцлог юм.
Одоогоор сэтгэгдэл алга.