2026.08.24, Даваа
Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод
2026-06-27 425

О.Номинчимэг нарын +70 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл популизмын сүлд мод болж хувирлаа. “Хүүхдийн төлөө” сэтгэлийг илтгэх сүлд модны чимэглэл нэмэгдэн нэмэгдсэээр утопи, бүр даамжраад дистопи шинжийг олж байна. “Саа чимэг нь хэтрээд байгаа юм биш үү” гэдэг санал шүүмжлэлийг хүүхдийн эсрэг байр суурь мэтээр үзэх болсон хүүхдээр гул баригсад эрүүл саруул ухаанаа гээжээ. Эргэж олох болов уу, түүнийгээ? Юутай ч тэдний засаж буй сүлд модыг харцгаая.

Хүсэл тачаал ба бодит байдлын зөрүү

  УИХ-ын гишүүн Ө.Шижир гаатай тамхийг гаалиар ахиж алхуулахгүй гэдэг санал гаргасан нь шууд олонхын (уулаасаа тэд 70+ учраас тэд үнэмлэхүй олонх) дэмжлэгийг хүлээлээ. Монголын янжуурын зах зээлийн тал нь хувь заяагаа үүгээр шийдүүлэв. Одоогоор популизмын сүлд модонд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан сүүлийн бөгөөд “өнгөлөг” generational ban гэх гоёхон чимгийг өлгөөд байна. Агуулга нь (6.7.17-д нэмэгдсэн) “2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэнд тамхи, тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан болон никотин хүргэх зориулалттай бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоно. Энэ хэсэгт заасан этгээтэд тамхи... худалдсан, нийлүүлсэн... этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”. Энэ заалт сүлд модны үнэнхүү радикал, чинхүү утопи чимэглэл.

2010 оноос хойш төрсөн хүүхдүүд одоо 16 хүрцгээж яваа. Тэдний ихэнх нь аль хэдийн тамхи, вэйп туршаад үзчихсэн гэдэгт мөрий тавихад ч бэлэн. Судалгаагаар хүүхдүүд 13-16 насандаа анх амандаа тамхи зуусан байдаг. Тэгэхээр энэ хэтэрхий хожимдсон утопи шийдвэр. Энэ заалт нэмэгдсэнээр төсөл “хүүхэд залуучуудаа хамгаалах” зорилгоосоо эрс холдож, “ирээдүйн үеийг төгс болгоё” гэдэг үл гүйцэлдэх төсөл болж хувирлаа.

Заавал ийм (generational ban) заалт оруулна гэвэл 10-15 жилээр хойшлуулах (жишээ нь 2025 оноос хойш төрсөн) нь илүү бодитой нөхцөл байх сан. Т.Мөнхсайханы чимэглэл хууль тогтоогчийн хүсэл тачаал ба бодит байдлын хоорондох том зөрүүг харуулахаас их хэтрэхгүй. Тэгээд ч шүүхэд зарга үүсгэвэл хүчингүй болгох эрсдэл асар өндөр. Дээрээс нь хуулийг “популист, утопи” гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлнэ.

Техникийн онцмуу үнэлгээ

  Т.Мөнхсайханы санал болгосон заалтыг төслийн 6.7.17-д нэмсэн гэдгийг дээр дурдсан. Тус 6.7.17-ын анхны агуулга “тамхи, татах төхөөрөмжийн хайрцаг, сав, баглаа боодол нь өнгө, дүрслэл... бусад эд зүйлстэй андуурагдахаар байх” буюу сурталчилгаа, дизайнтай холбоо бүхий хоригийн заалт. Гэтэл generational ban-ийн заалтыг энэ мөрөнд нэмчихэж. Даанч дээ, хүүхдэд хайртай хууль тогтоогчид минь. Хүүхдээр түрүү барьж, бяр нь амтагдсан +70 нэг заалтанд хоёр өөр агуулгыг чихээд хаяж. Хүүхдийн төлөө хийж байгааг нь ойлгож болох ч техникийн ийм алдааг нь хууль боловсруулах шинжлэх ухааны үүднээс уучилж хэрхэвч боломгүй.

  Энгийн эрүүл саруул ухаанаар харвал ойлголтыг төөрөгдүүлээд байна. Хуулийн текстэд ийм “салангид” нэмэлт оруулах нь хуулийн техникийн үнэлгээгээр “онцмуу” дүн авна. Хуульзүйн техникт ийм чухал, маргаантай заалтыг тусдаа зүйл, хэсэг болгож тодорхой оруулах ёстой. Энэ хэсэг хуулийн төслийн чанарыг огцом унагааж байна. Түүгээр зогсохгүй Монгол Улсын залгамж үеийн шийдэх асуудлыг сав баглаа, боодол дотор “нууж” оруулсан мэт хөгийн харагдаж байна. Generational ban бол дэлхийн ганц нэг улс орон цаасан дээр бичээд орхичихсон, 20-30 жилийн дараа үр дүнг нь харах математик тооцоолол. Ирээдүйн хүүхэд, залуучуудыг “Та нар тамхи татах ёсгүй, бид өмнөөс чинь шийдчихлээ” гэж төрсөн өдрөөр нь урьдчилан хориглох нь тэднийг бие даасан хүн бус, нийгмийн төсөл мэт үзсэн хэрэг. Эцсийн бүлэгт энэ заалт төслийг бүтэшгүй мөрөөдөл, улс төрийн лоозон болгож, хуулийн нэр хүндийг аймшигтай гутаажээ.

Орос доктор тэгж байна уу

  Тамхины татварыг нуга суга нэмчихээр тамхичдын тоо толгой 15-18 хувиар буурдаг гэж ДЭМБ зааж өгсөн шиг билээ. Янжуурын онцгой албан татварыг огцом, тухайлбал 2026 онд хоёр дахинаас ч илүү буюу 139 хувиар шууд нэмэгдүүлэхэд хууль бус наймаа газар авна. Холыг хардаг хүнд бол энэ хуулийн төсөл алсдаа хүүхдийн төлөө утгаа алдаж хар захыг тэжээнэ. Өнөөдөр Монголд тамхины хууль бус худалдаа, хуурамч тамхи байхгүйтэй адил. Татвар огцом нэмчихээр замаа алдана, Nielsen Consumer LLC олж тогтоосноор Тажикстан татвараа огцом нэмэгдүүлэхэд хууль бус наймаа 94.6 хувьд хүрчээ.

Эхний 1-2 жилд төсвийн орлого нэмэгдэх ч, ДЭМБ-ын хэлснээр хэрэглээ бас буурна, дээр нь худалдаа хар зах руу шилжээд явчихаар татвараас орж ирэх мөнгө 3-4 жилийн дараа эрс буурна. Тэгэхээр хэдэн жилийн хойно төсөлд тусгасан “хүүхдийн хоол”-ны мөнгөгүй сууж байх магадлал өндөр. Төсөл тэрчигтээ вэйпийг нүд үзүүрлэсэн нь энгийн хүнд ч ойлгомжтой. Вэйпийн 1 мл шингэн тутмын татвар 5 000 төгрөг гэдэг бол вэйпийг бүрмөсөн хар зах руу түлхэх эрсдэлтэй. Татвар нэмэх нь зөв чиглэл хэдий ч, аажмаар, 5-7 жилээр шаталсан байдлаар хийх ёстой байсан. Одоогийнхоор 5 жилийн дотор 12 дахин өсгөх нь хэт түргэн, эдийн засгийн цохилт ихтэй.

Хяналтаас гарсан төсөөлөл

Төслийн 111 дүгээр зүйл бүхэлдээ хяналтын системд зориулагдсан. Энэ зүйл төсөл зохиогчид дотор улсын төсөв баталдаг хүн, ядаж л санхүүч багтаагүй юм болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Бүх тамхи, вэйп, төхөөрөмжийг дахин давтагдашгүй цахим код ашиглаж бүртгэнэ л гэнэ. Татвар, гааль, борлуулалтын мэдээллийг нэгдсэн санд холбоно л гэнэ. Хэрэглэгч өөрөө цахим төлбөрийн баримтаар мэдээлэл шалгах боломжтой л гэнэ. Цаад санаа нь хар зах, сүүдрийн эдийн засгийг бууруулах (согтууруулах ундааны системтэй ижил) бас татвар алдагдлыг багасгах зорилготой. Гэвч хэд хэдэн том асуудал байна. Тухайлбал, импортлогч, жижиг худалдаачдад шинэ систем нэвтрүүлэх, тоног төхөөрөмж, сургалт, лабораторийн зардал өндөр. Мэдээж жижиг бизнесүүд хаагдах том эрсдэлтэй. Монголд одоо ч согтууруулах ундааны track & trace бүрэн ажилладаггүй. Тамхи, вэйп дээр үүнийг хийх илүү хүнд учир хэрэгжүүлэх чадамж бараг тэгтэй тэнцүү. Хэрэглэгч бүрийн худалдан авалтыг мөрдөх систем нь хувийн нууцад халдах эрсдэлтэй. Үүнийг манайхан тоохгүй биз дээ. Гол нь технологийн хоцрогдол. Олон жижиг дэлгүүр, хөдөө орон нутагт интернет, тоног төхөөрөмж байхгүй гэх мэт наад захын асуудал гарна. Хяналтын систем санаа нь сайхан ч Монголын нөхцөлд хэтэрхий төвөгтэй, давж дийлэхийн аргагүй үнэтэй.

Төсөлд зардлыг үйлдвэрлэгч, импортлогч голлон төлнө (EU загвар шиг) гэж тусгажээ. Гэвч бодит байдал дээр жижиг импортлогч, дэлгүүрүүд энэ зардлыг тэсвэрлэхгүй олон жижиг бизнес хаагдана. Зардал нь эцсийн үнэд шингэж тамхины үнэ илүү өснө. Төр лаборатори, хяналт, сургалт зэрэгт нэмэлт төсөв гаргах шаардлага үүснэ. Өнөөгийн нөхцөлд дэндүү өндөр зардалтай, хэтэрхий төвөгтэй систем. Одоо ч согтууруулах ундааны үүнтэй ижил систем бүрэн ажиллахгүй байхад дээр нь тамхи + вэйп + төхөөрөмжид ийм нарийн track хийнэ гэдэг биелэгдэшгүй даалгавар.

Вэйпийг мангасаар цоллож, олон түмний сэтгэлийг эзэмдсэн “хүүхдийн төлөө” хэмээх туг намируулсан энэ төсөл утопийг давж, Монголын анхны дистопи шинжтэй хууль болж хувирчээ. ДЭМБ-аас бэлэглэсэн Тамхины хяналтын хууль хэмээх сүлд мод удахгүй амьдралын сүрд дарагдаж хувхайгаад ахиад ийм хуулийн төсөл боловсруулж болохгүй гэдэг үлгэр жишээ болж үлдэх нь цаг хугацааны асуудал аа.

Эх сурвалж: Baabar.mn - Нийтлэлч Батбаяр

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 141
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1