УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.07.02/ хуралдаанаар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хууль нь 9 бүлэг, 32 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд хууль батлагдсанаар:
Хүлэмжийн хийн тооллого, тайлагнал, хяналт-шинжилгээний нэгдсэн тогтолцоо бүрдэж, бодит өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжих боломж нэмэгдэнэ
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого, салбар дундын зохицуулалт сайжирна
Ногоон санхүүжилт, олон улсын уур амьсгалын сан болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломж өргөжинө
Нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн суурь бүрдэж, карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэнэ
Уур амьсгалын эрсдэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг бууруулж, ногоон өсөлт, шинэ ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс байгаль орчны олон талт гэрээ хэлэлцээр, ногоон шилжилтийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, байгаль орчны олон улсын манлайллыг чухалчлан ажиллаж буй энэ цаг үед Уур амьсгалын өөрчлөлтийн хууль батлагдсанаар олон улс, хувийн хэвшлийн эх үүсвэрээс ногоон хөрөнгө оруулалт татах институцийн болон эрх зүйн орчин тодорхой болж, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-д туссан зорилт, амлалтыг хэрэгжүүлэх боломж бодитоор нэмэгдэнэ.
