Францад үүсээд буй эмх замбараагүй байдал, мөргөлдөөнтэй холбоотойгоор дэлхийн улс орны удирдагчид өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Францад болсон үймээнийг мусульман цагаачидтай холбон тайлбарлаж, Макроныг “Хилээ хааж, хяналтаа тогтоо. Хэтэрхий оройтохоос өмнө арга хэмжээ ав” хэмээн уриалжсан юм.
Тэгвэл энэ бүхэнд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хариу барив. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад гадаадын удирдагчдыг Францад өрнөсөн үймээнийг улс төрийн зорилгоор ашиглаж, мусульман цагаачдыг буруутгаж байгааг шүүмжлэв. Макрон ийм мэдэгдлүүдийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй бөгөөд тэнэг хэмээв. Мөн тэрээр Францад огт болоогүй үйл явдлыг харуулсан хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг цахим орчинд тархаж байгааг анхааруулжээ. Түүний үзэж буйгаар зарим гадаадын улс төрчид ийм мэдээллийг ашиглан өөрийн сонгогчдод нөлөөлөхийг оролдож байгаа аж.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро худал мэдээлэл тараахаас сэргийлэх зорилгоор холбогдох улс орнуудад тайлбар, мэдээлэл өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Францын эрх баригчид дахин эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: NBC News