Гадаад харилцааны яам (ГХЯ) болон Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) хамтран ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зарын дагуу гадаад улсад очиж, цэргийн ажиллагаанд татагдсан монгол иргэдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар найман иргэнийг эх оронд нь буцаан авчирсан бөгөөд зургаан иргэнтэй холбоотой мэдээллийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Тэдгээрийн нэг нь дайны ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан бол нэг иргэн Украины талд олзлогдсон гэх мэдээлэл байгаа юм.
61–108 сая төгрөгийн цалин амласан хуурамч зар тараажээ
ЦЕГ-ын мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Фэйсбүүк зэрэг цахим сүлжээнд “ОХУ-ын Зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61–108 сая төгрөгийн өндөр цалин амлана” гэх агуулгатай зарууд тархаж эхэлжээ.
Уг зарын дагуу сонирхсон иргэдтэй Телеграм, Ватсап зэрэг сувгаар холбогдож, ОХУ-д очвол өндөр цалин, хангамж олгоно хэмээн итгүүлдэг байна.
Энэ төрлийн хоёр гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ОХУ руу зорчих гэж байсан гурван иргэнийг саатуулж, уг үйлдлээс татгалзуулжээ.
Мөн энэ сарын 8-нд Улаан-Үд–Эрхүү чиглэлийн нислэгээр ОХУ-д очсон нэг иргэнийг эх оронд нь буцаан авчрах ажиллагааг ГХЯ-тай хамтран зохион байгуулсан байна.
Түүнчлэн хуурамч зар түгээсэн есөн цахим хаягийг илрүүлж, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Мета” компанитай хамтран устгуулжээ.
Найман иргэнийг эх оронд нь буцаан авчирчээ
ГХЯ-ны Консулын газрын төлөөллийн мэдээлснээр, Монгол Улсын иргэдийг ОХУ-ын талаас цэргийн ажиллагаанд албан ёсоор татан оролцуулсан тохиолдол байхгүй бөгөөд хувь хүмүүс, зуучлагчдын цахим орчинд байршуулсан хуурамч зарын дагуу сайн дураар явсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Иргэд ихэвчлэн Улаанбаатар–Алтанбулаг–Хиагт–Чита–Донецк чиглэлээр зорчиж, Чита хот дахь цэргийн бэлтгэл баазад тодорхой хугацаанд бэлтгэгдсэний дараа цааш явдаг байжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд ГХЯ, Москва дахь Элчин сайдын яам болон Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар ОХУ-ын Батлан хамгаалах яам, Цэргийн прокурорын байгууллагатай хамтран ажилласны үр дүнд найман иргэнийг олж тогтоон эх оронд нь буцаан авчирсан байна.
Харин одоогоор дахин зургаан иргэнтэй холбоотой мэдээлэл байгаа аж. Үүнээс нэг иргэн дайны ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан бөгөөд ар гэрийнхэнтэй нь уулзаж, Оросын талаас мөнгөн нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэжээ. Мөн нэг иргэн Украины талд олзлогдсон гэх мэдээлэл байгаа юм.
Иймд ар гэрийнх нь хүн ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх зарын дагуу явсан, цэргийн баазад очсон тухай мэдээлэлтэй бол бичиг баримтын хуулбарын хамт ГХЯ-ны Консулын газарт яаралтай хандахыг уриаллаа.