16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох Ц.Дагвадорж, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өчигдөр хаалттай хэлэлцэж, шийдвэрээ танилцууллаа.
Шүүхээс Ц.Дагвадоржид оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Ган-Эрдэнийг цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг мөн хэвээр үлдээв.
Харин Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг өмнөх шатны шүүхүүд шийдвэрлэхдээ хууль зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасан гэж үзэн, холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болголоо.
Тодруулбал, Э.Номин-Эрдэнийг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн боловч хоёр шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэвч Дээд шүүх түүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн үед тусламж үзүүлээгүй эс үйлдэхүйд нь Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэх эсэх асуудалд дүгнэлт хийгээгүйг буруу гэж үзсэн байна. Хяналтын шатны шүүх өөрөө нөхөн дүгнэлт хийх боломжгүй тул өмнөх шийдвэрүүдийн холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Мөн Х.Энхсайханд холбогдох хэргийг хоёр шатны шүүх шийдвэрлэхдээ нотлох баримт болон хууль зүйн дүгнэлтээ алдаатай хийсэн гэж Дээд шүүх үзсэн байна. Түүнийг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж прокуророос ялласан боловч өмнөх шатны шүүхүүд үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэжээ.
Иймд Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийн холбогдох заалтыг хүчингүй болгож, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Сануулахад, анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр сарын 23-нд Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, талийгаач охины ээж Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгч уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар хэргийг Дээд шүүхийн хяналтын шатанд хэлэлцжээ.