Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, хууль зүйн туслалцааны чанар, хүртээмжийг сайжруулах, эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.
Тэрээр шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөвхөн санхүүгийн боломжтой хүмүүсийн эдлэх эрх биш бөгөөд хүн бүрд тэгш үйлчлэх ёстой Үндсэн хуулийн баталгаа гэдгийг тэмдэглэв. Иймд эрхээ хамгаалуулах шаардлагатай, эмзэг нөхцөлд байгаа иргэдэд хууль зүйн туслалцааг хүртээмжтэй хүргэж, холбогдох бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь чухал гэв.
Энэ хүрээнд хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл, эрх зүйн мэдээллийн үйлчилгээг сайжруулах хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах талаараа танилцууллаа. Тухайлбал, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг төлөвшүүлж, үйлчилгээний чанар, хүртээмж, мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдтэй хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцах шаардлагатайг онцлосон байна.
Мөн хүүхэд, эмэгтэйчүүд, хүчирхийллийн хохирогч болон тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах үйлчилгээг сайжруулж, тэдэнд мэдрэмжтэй, шуурхай хандах, дахин хохироохоос урьдчилан сэргийлэхэд анхаарна. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ хөгжүүлж, тусгайлсан нэгж, бүтэц бий болгох асуудлыг чухалчлах аж.

Түүнчлэн хууль зүйн туслалцааг цахимжуулах, орон нутагт амьдарч буй иргэдэд үйлчилгээ хүргэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор E-Mongolia системээр дамжуулан хүсэлт хүлээн авах, үйлчилгээний явцын мэдээллийг цахимаар хүргэх зэрэг ажлыг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тогтмолжуулах, ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах, сайн дурын өмгөөллийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ улсын өмгөөлөгчийн үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон бусад төрийн байгууллага, мэргэжлийн холбоодтой уялдуулах шаардлагатайг дурдав.
Эцэст нь хууль зүйн туслалцаа шаардлагатай иргэдэд чиглэсэн үйлчилгээг өргөжүүлж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Хууль зүйн туслалцааны төвийн албан хаагчдын оролцоо, санаачилга, санал бодол чухал болохыг Г.Тэмүүлэн сайд онцоллоо.

