Улсын ургацын комиссын хурал өнөөдөр болж, 2026 оны ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үеийн цаг агаарын төлөв, үр тарианы болц болон хураалтын технологийн талаар хэлэлцлээ.
Хурлыг нээж ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат үг хэлэхдээ, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл үүсэж буй энэ үед үндсэн нэр төрлийн хүнсийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр төрөөс тодорхой арга хэмжээ авч байгааг онцолсон байна.
Тухайлбал, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариаланчдад хүүгийн дэмжлэгтэй 138.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн болон 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгожээ.
Мөн Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын хүрээнд ургац хураалтын ажилд оюутан, залуус, хугацаат цэргийн алба хаагчид болон ажил эрчимтэй хайж буй иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулахаар болсон байна.
Эхний ээлжид Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2300 цэргийн алба хаагч, Хөдөө аж ахуйн их сургуулиас 500 гаруй оюутан, залуус ургац хураалтын ажилд оролцохоор гэрээ байгуулжээ.
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхний арав хоногийн төгсгөлөөр тариалангийн бүс нутгуудад нойтон цас орж, цочир хүйтрэх эрсдэлтэй байна. Иймд ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, ургацыг хаягдалгүй хураах технологийг тариаланчдад шуурхай хүргэх шаардлагатайг комиссын хурлаар онцолжээ.
Түүнчлэн төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, ургац хураалтыг технологийн хугацаанд зохион байгуулах, хүн хүч болон техник хэрэгслийн хуваарилалтыг шуурхай хийхийг холбогдох байгууллагуудад чиглэл болгосон байна.
Хуралдааны төгсгөлд Ц.Идэрбат холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагуудад ургац хураалтыг эрчимжүүлэх чиглэлээр албан даалгавар өгчээ.
Үүнд ургацыг мал, амьтнаас хамгаалах, хураасан ургацын мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргах, оюутан залуус, цэргийн алба хаагчид болон ажилгүй иргэдийг ургац хураалтад үр дүнтэй татан оролцуулахыг үүрэг болгосон байна.
Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажилд шаардагдах 12 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлж, тасралтгүй хангахыг АҮЭБЯ, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Хөдөө аж ахуйн корпораци”-д даалгажээ.
Энэ жил таримлын болц харьцангуй жигд байгаа ч ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хожуу эхэлж байгаа аж. Иймд ургацыг богино хугацаанд хураах, шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах, зам, гүүрийн эвдрэлийг шуурхай засварлах, хураалтын үеэр эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх, ургац тээвэрт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг салбарын сайд онцоллоо.




Одоогоор сэтгэгдэл алга.