Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай хяналтын тогтоолоор магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “огцруулах” гэснийг “шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1-т “Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг энэ хуулийн 110.3, 110.4, 110.6-д заасны дагуу мэдэгдээгүйн улмаас хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон”, 115.1.2-т “энэ хуулийн 102.1-д заасан эрхийг эдлүүлээгүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон” гэж тус тус зааснаар хязгаарлагдах бөгөөд энэ хүрээнд гомдлыг хянан хэлэлцэхэд Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй.
Ийнхүү хяналтын шатны шүүхээс сахилгын хэргийн оролцогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаас шүүгч Г.Э-т оногдуулсан сахилгын шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.