Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 449 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 294 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 155 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 109 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Эдгээрээс 9 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв.
Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын удирдах албан тушаалтан “Б” нь нэр бүхий 18 иргэний өмчлөлийн газрын байршлыг өөрчилж, улмаар дээрх байршилд төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр аж ахуй нэгжид 5,0 га газрыг эзэмшүүлсэн, Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдах албан тушаалтан нь төрийн бус байгууллагатай сонгон шалгаруулалтгүйгээр 37,0 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг шууд байгуулсан, Шийдвэр гүйцэтгэгч “О” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж төлбөр авагчаар тогтоогдсон этгээдтэй урьдын харилцаа, холбоотой байсан талаараа дээд шатны албан тушаалтанд мэдэгдээгүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тухайн төлбөр авагч талаас өөртөө зээл авсан зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.
Төлөвлөгөөт шалгалтаар 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг зөрүүтэй мэдүүлсэн, их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй, удирдлагын зөвшөөрөлгүйгээр давхар ажил гүйцэтгэсэн зэрэг 7 албан тушаалтны зөрчлийг илрүүлж Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хариуцлагыг тооцуулахаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох албан бичгийг хүргүүллээ.
Түүнчлэн хяналт шалгалтын явцад нийтийн албан тушаалтан Э.Х-ын гэр бүлийн гишүүний 2024-2025 оны орлого, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг явуулснаар 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлж 151,2 сая төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон байна.