МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс төрийн өмчийн болон хувийн зургаан сургуулийн 1219 сурагчийг хамруулсан "Монгол сурагчдын цүнхний жингийн судалгаа"-ны үр дүнг танилцуулах "Хүнд цүнх хүүхдийн асуудал уу, эсвэл...?" сэдэвт эрдэм шинжилгээ, бодлогын хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.05/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Боловсролын яам, Эрүүл мэндийн яам болон судалгаанд хамрагдсан сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр сурагчдын цүнхний жингийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, сурах бичгийн ачаалал болон сургуулийн орчинд хэрэгжүүлж болох шийдлүүдийг хэлэлцэж байгаа юм.
Судалгаанд хамрагдсан бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас давсан жинтэй цүнх үүрч байгаа нь тогтоогджээ. Харин дэлхий нийтэд сурагчийн цүнх нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувьтай дүйх стандарт байдаг аж.
Судалгаагаар сурагчдын цүнхний бодит жин, биеийн жинд эзлэх хувь, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний ачаалал болон эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалжээ. Судалгааны дүнгээр биеийн жингийнхээ 15 хувиас давсан жинтэй цүнх үүрдэг сурагчдын эзлэх хувь анги ахих тусам буурч байгаа аж.

Тухайлбал, 1-5 дугаар ангийн сурагчдын 66.8 хувь, 6-8 дугаар ангийн сурагчдын 11.7 хувь, 9-12 дугаар ангийн сурагчдын 4.3 хувь нь дээрх үзүүлэлтэд хамаарчээ. Мөн долдугаар ангийн 37 сурагчийн цүнхний жинг нарийвчлан судлахад дунджаар 4.8 килограмм байсан бөгөөд хамгийн бага нь 1.2, хамгийн их нь 9.6 килограмм байв. Энэ нь сурагчдын биеийн жингийн дунджаар 14.2 хувьтай тэнцэж байгаа юм.
Хүйсээр харьцуулбал хөвгүүдийн цүнхний дундаж жин 5.2 килограмм, охидынх 4.4 килограмм байжээ. Харин цүнхний жинг биеийн жинд эзлэх хувиар тооцоход хөвгүүдэд 15.1, охидод 13.6 хувьтай гарсан байна.
Мөн судалгаанд оролцсон долдугаар ангийн сурагчдын цүнхний жингийн бүтцийг авч үзэхэд сурах бичиг хамгийн их буюу 42.1 хувийг эзэлжээ. Түүнчлэн дэвтэр, сургалтын хэрэглэгдэхүүн болон бусад зүйлс цүнхний нийт жинд тодорхой хэмжээний ачаалал нэмж байгааг судалгаанд дурдсан байна.
Цүнхний ачааллыг бууруулах боломжийн талаар оролцогчдоос авахад:
Судалгаанд оролцсон сурагчдын хувьд локертой байх нь цүнхний жинг бодитоор бууруулдагч, нэг локерыг хоёр сурагч хувааж ашиглах нь сургууль дээр л түр биеийн тамирын хувцас, хоол болон усны саваа хадгалах боломжийг олгодог. Харин хичээл тарахад бүх дэвтэр ном, солих гутал, хоол болон усны сав, биеийн тамирын хувцасаа цүнхэлж явах болдог тул цүнхны жинг бууруулж чадахгүй байгааг онцолж, сурагч бүр тусдаа локертой болох шаардлагатай байгааг хэлж байжээ.
Харин судлаачдын зүгээс эцэг эхчүүдийг хүүхэддээ цүнх, үзэг харандааны сав, усны сав зэргийг сонгохдоо гоё, ганган байдлаас илүү эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэж жин, материалыг харгалзан үзэж байх шаардлагатайг онцолж байлаа.

Мөн МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс 2027 онд багтан Монгол Улсад сурагчийн цүнхний стандартыг батлуулахаар ажиллаж байгаа талаар танилцууллаа.