Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр 2025 оны байдлаар улсын хэмжээнд хөхний хорт хавдраар 2882 хүн оношлогдсоноос 406 нь шинээр оношлогджээ. Сүүлийн таван жилд хөхний хорт хавдраар 515 хүн нас барсан байна.
Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарыг хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, хөхний хавдрын талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах мөн хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж буй даван туулагчдын итгэл найдвар, хүч чадлыг онцлон тэмдэглэх онцгой сар болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ жил “Every story is unique, every journey matters” буюу “Хүн бүрийн түүх өөр, хүн бүрийн туулж буй зам чухал” гэсэн уриан дор комапнит ажил зохион байгуулж байгаа юм. Энэ нь зөвхөн өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай бус, хөхний хорт хавдартай хүн бүрийг эрт оношилгоо, чанартай эмчилгээ, сэтгэл санааны дэмжлэгт тэгш хамруулахыг онцолж байна.
ДЭМБ-аас хүргэж буй гол зөвлөмжүүд:
1. Биеийн өөрчлөлтөө анзаарч, эмчид цаг алдалгүй хандах
Хөхөнд шинээр зангилаа үүсэх, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, арьс хонхойх, хөхний толгой дотогш татагдах, хэвийн бус эсвэл цустай шингэн гарах зэрэг шинж илэрвэл эмчид үзүүлэх хэрэгтэй. Өвдөлтгүй байсан ч үл тоомсорлож болохгүй.
2. Нас, эрсдэлдээ тохирсон үзлэг, оношилгоонд хамрагдах
Маммографийн шинжилгээ нь хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх нэг арга. Шинжилгээнд хамрагдах нас, давтамжийг тухайн улсын удирдамж, хүний нас болон хувийн эрсдэлд үндэслэн эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.
3. Эрсдэлийг бууруулах амьдралын хэв маягийг хэвшүүлэх
Биеийн жингээ зохистой түвшинд барих, тогтмол хөдөлгөөн хийх, архины хэрэглээнээс зайлсхийх, тамхи хэрэглэхгүй байх нь хорт хавдрын эрсдэлийг бууруулахад тустай. Гэхдээ эдгээр арга хэмжээ нь өвчлөхгүй байх баталгаа биш.
4. Онош батлагдвал эмчилгээг хойшлуулахгүй байх
Эрт оношилж, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь эхлүүлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал. Хөхний хорт хавдартай хүн бүр онош, эмчилгээний нөхцөлдөө тохирсон тусламж авах эрхтэй.
ДЭМБ-ын мэдээлснээр хөхний хорт хавдрын тохиолдлын ойролцоогоор 80 хувь нь хүйс, наснаас өөр тодорхой эрсдэлт хүчин зүйлгүй эмэгтэйчүүдэд тохиолддог. Тиймээс зөвхөн удамшлын эрсдэлтэй хүмүүс анхаарах бус, бүх эмэгтэйчүүд хөхний эрүүл мэнддээ анхаарч, өөрчлөлт илэрвэл эрт үзүүлэхийг уриалж байна.