2026.10.29 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав

2026-09-14 101

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой 2026 оны 09-р сарын 13-нд тохиолоо.

Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах арга хэмжээ зохион байгууллаа. Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт, ховор номын үзэсгэлэнгийн танхимд болсон уг ёслолыг Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Очирхүү удирдан явуулсан юм. Тэрбээр, Улсын Бага Хурлын гишүүд төрийн онол, эрх зүй, философи, ёс зүй, Үндсэн хуулийн эрх зүй болон бусад чиглэлээр олон арван ном гаргасан туурвилч, бүтээлч хүмүүс байдгийг танилцуулж, өөрсдийн тулгыг нь тулж эхлүүлсэн ардчилал, парламентат ёсны хөгжил, төлөвшлийн талаар санаа тавьж явдгийг онцлон хэлэв.

Ном хандивлах ёслолд БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга асан, Чингис хаан одонт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Р.Гончигдорж, Монгол Улсын Гавьяат хуульч, академич, Төрийн шагналт Д.Лүндээжанцан тэргүүтэй Улсын Бага Хурлын 20 орчим гишүүн оролцож, бүтээл, туурвилынхаа дээжийг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоод гардуулсан юм. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын Гавьяат хуульч Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”, “Түүхэн эрхмүүдийн товчоон”, “Түүхэн парламент Түгээмэл товчоон” номуудыг хандивлав. Тэрбээр энэ үеэр, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үйл явдал бол Монгол төр, түүний эрх зүйн чухал зангилаа хэрэг асуудал бөгөөд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан түүхэн чухал хэрэг явдал гэдгийг энэ үеэр онцлон дурдаж, мэндчилгээ дэвшүүлэв.

Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн эрх зүй”, “Эрх зүйн философи”, “1945 оны чөлөөлөх дайн”, “Монгол хаадын захидал, Монголын төрт ёс, эрх зүйн түүхэн уламжлал”, “Хуульт ёс”, “Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь: Анхдугаар үндсэн хууль 1921-1924” зэрэг номуудаа хандивласны зэрэгцээ “Шихихутаг” дээд сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээл, туурвилуудаас Үндэсний номын сангийн сан хөмрөгт оруулав. Улсын Бага Хурлын Нарийн бичгийн дарга асан, Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид агсны нэрэмжит санг үүсгэн байгуулагч, түүний охин, Үндсэн хууль судлаач Ч.Сайнсанаа тус сангаас эрхлэн гаргасан ном, бүтээлүүдийн дээжээс хандивлав. Тэрбээр Б.Чимид агсны 1980-аад онд туурвиж, үе үеийн хуульч, эрх зүйчдийг бэлтгэсэн алдарт “цагаан ном” буюу “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын захиррааны эрх зүй” номыг дахин гаргаснаа гардуулж, аавынхаа “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”, “Сонгуульд суралцахуй”, “Үндсэн хуулийн эрх зүй”, “Төрийн засах ёс” зэрэг номуудыг гардууллаа. Мөн Монгол Улсын гавьяат хуульч, академич Ж.Амарсанаагийн бичсэн “Үндсэн хуулийн эхийг баригч”, Чимид сангаас эрхлэн гаргасан “Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар” нэвтэрхий толь зэрэг бүтээлийг хүлээлгэн өгөв.

Улсын Бага Хурлын гишүүн асан, доктор, профессор Ж.Бямбадорж, Х.Пүрэвдагва, Ц.Товуусүрэн, Р.Хатанбаатар, Д.Дорлигжав нар өөр өөрсдийн болон хамтын, мөн орчуулгын бүтээлүүдийг хандивласан бол Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга бөгөөд Зохион байгуулалтын хэлтсийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, Улсын Бага Хурлын даргын туслахаар ажиллаж байсан, судлаач Г.Чулуун нар ном бүтээлүүдийнхээ дээжээс өргөн барилаа.

Байнгын ажиллагаатай парламентын анхдагчид дараа нь “Нээлттэй парламент” гэрэл зургийн үзэсгэлэн үзэж сонирхоод, “Нээлттэй парламент: Парламентат ёсны хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын Бага Хурлын дарга асан, академич Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын гишүүн асан, доктор Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нар удирдан явууллаа.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэн хөгжлийн ололт, сургамжийг дүгнэж, Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдал, иргэдийн оролцоо, төлөөлөх чадвар болон хүртээмжийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн эрдэм шижилгээний хуралд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга асан доктор (Ph.D), профессор Ж.Бямбадорж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Туяагэрэл нар Монголын парламентын төлөвшил, ил тод байдал болон ардчилсан нийгмийн амин сүнс нь парламентын нээлттэй байдал болох тухай үндсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлээ.

Улсын Бага Хурлын гишүүн асан Ж.Бямбадорж илтгэлдээ анхны парламентын үйл ажиллагаа асар их ачаалалтай байсныг дурдаж, гишүүдийн сахилга, хариуцлага өндөр, үүргээ нэр төртэй гүйцэтгэж, үнэн сэтгэлээсээ зүтгэхийн зэрэгцээ хоорондоо хүнлэг сайхан харилцдаг, хууль батлах, төрийн бодлого тодорхойлоход эсэргүүцэх, попрох хандлагаар бус уг баримт бичгийг улам сайжруулах, боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулдаг байсан гэдгийг онцолсон юм. Тэрбээр өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдэд хариуцлагатай, төрийн албаны ёс зүйг чанд сахин, асуудлыг шийдвэрлэхдээ судалгаа, тооцоонд үндэслэн мэргэжлийн ажиллахыг зөвлөж, Монгол Улсын Үндсэн хуульд зайлшгүй нэмж оруулах саналууд, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай зарим санааг дурдав.

Эрдэм шинжилгээний хурлыг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ академич Р.Гончигдорж, парламент нээлттэй байх тухай асуудлыг шинжлэх ухааны түвшинд нарийвчлан тодорхойлж, Үндсэн хуулиар тогтоосон Засгийн эрхийг барих ард түмний эрх, Улсын Их Хурлын төлөөлөл хэрэгжүүлэх арга зүй зэрэг олон асуудлыг уялдаатайгаар гүнзгийрүүлэн авч үзэх шаардлагатайг тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000
Хил дамнасан төлбөр тооцооны инновацын асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцлоо
29 мин өмнө 0
“Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн Концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хуралдлаа
32 мин өмнө 5
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үлдэгдэл санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ
56 мин өмнө 39
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна
1 цагийн өмнө 7
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
1 цагийн өмнө 43
Чингис хаан Үндэсний музейгээр 1042 үзэгч үйлчлүүлэв
1 цагийн өмнө 42
Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүллээ
1 цагийн өмнө 10
Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар БНСУ-ын жолооны онолын шалгалтыг монгол хэлээр өгөх нөхцөл бүрдлээ
1 цагийн өмнө 8
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
1 цагийн өмнө 9
Төсөвт байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 15.7 хувиар өсжээ
1 цагийн өмнө 8
Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно
2 цагийн өмнө 8
Соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалин нэмэгдлээ
2 цагийн өмнө 11
Нийслэлийн Амгалан амаржих газар 407 дугаар хорих ангийн эх, нярай, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ
2 цагийн өмнө 41
Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд зөвлөмж хүргүүлэв
2 цагийн өмнө 13
НҮБ-ын ХХААБ-ын төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
3 цагийн өмнө 11
Дөрвөн төрлийн ногооны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна
4 цагийн өмнө 17
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
4 цагийн өмнө 52
Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан боллоо
5 цагийн өмнө 57
АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
6 цагийн өмнө 51
БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санал солилцов
6 цагийн өмнө 20
1 / 1