Хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногооны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, улирлын чанартай хомсдол, үнийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, зах зээлийн үнийг тогтворжуулах зорилгоор 4 төрлийн ногооны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийн цахим системд бүртгэлтэй, гарал үүсэл нь тодорхой төмс, хүнсний ногоог тариаланчдаас шууд худалдан авах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлж, төмс, хүнсний ногоо нийлүүлэх тариалан эрхлэгчдийн хүсэлтийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ил тод нээлттэй хүлээн авч, тариалан эрхлэгчдийг тэгш оролцох боломжоор ханган ажиллаж байна.
Үүний хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдээс өнөөдрийн байдлаар 8.5 мянган тонн төмс, 1.6 мянган тонн сонгино, 2.9 мянган тонн шар лууван, 1.2 мянган тонн шар манжин нийлүүлэх захиалгыг тус тус ирүүлээд байна.
Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн нийт 3,500 тонн, орон нутагт 3 аж ахуйн нэгжийн нийт 2,200 тонн бүтээгдэхүүн хадгалах багтаамж бүхий бүрэн автомат системтэй агуулахуудыг түрээслэн ашиглаж байна. Мөн стандартын шаардлага хангасан, автомат систем бүхий төмс, хүнсний ногооны зоорь бүхийтариалан эрхлэгчидтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх чиглэлээр тариалан эрхлэгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, бүтээгдэхүүний татан авалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нөөц бүрдүүлэлтийн ажлын явц 50 хувьтай байна.