Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.01/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 60.7 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 28 гишүүнээс УИХ-ын гишүүн Э.Батшугар, С.Одонтуяа, Д.Батлут, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Б.Баярбаатар, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Б.Тулга, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Л.Мөнхбаатар, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара нар хүрэлцэн ирж, оролцов.

Хуралдааны эхэнд Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Хэлэлцэх товтой холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр, төсвийн тодотголыг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх талаар онцолсон юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснийг сануулаад, хуралдааныг үргэлжлүүлэн удирдав.
Байнгын хороо үргэлжлэн хуралдахдаа Хууль сахиулах үйл ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул намрын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахтай холбогдуулан шинжээч томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдээс 11 нь дэмжиж, 52.4 хувийн саналаар хуралдаан хаалттай горимд шилжлээ. Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Одоогоор сэтгэгдэл алга.