Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд найрамдах Казахстан улсын Астана хотод боллоо. Хуралдаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож үг хэлэв.
Тэрбээр Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид Казахстан Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар товч танилцууллаа.
Монгол Улс зөвхөн дотоодын хэрэгцээг хангах бус, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвартай, экспортлогч улс болгох зорилготой бөгөөд энэ зорилтын хүрээнд Казахстан Улстай хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах өргөн боломж байгааг онцлов. Тухайлбал, манай хоёр улс мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарт ижил төстэй нөхцөл, сорилттойн зэрэгцээ харилцан нөхөх давуу талуудтай. Тиймээс хамтын ажиллагааг зөвхөн худалдаагаар хязгаарлахгүй, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, технологи, стандарт, судалгаа, инновацын түншлэл болгон хөгжүүлэх нь чухал байна гэлээ.
Энэ хүрээнд ноос, арьс шир боловсруулах үйлдвэрийг хамтран байгуулах асуудлыг цаашид бодит төсөл болгон урагшлуулах, Монгол, Казахстаны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Казахстаны зах зээлд нийлүүлэх, хоёр улсын мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, мал эмнэлгийн гэрчилгээ, эрсдэлийн үнэлгээ, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байгаагаа дурдав. Казахстаны талаас Монгол Улсад малын вакцин нийлүүлэх, цаашид вакцин үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх санал гаргаж байгааг нааштайгаар хүлээн авч байгаагаа мөн дурдав.
Түүнчлэн 1998 онд байгуулсан ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг шинэчлэх асуудлыг урагшлуулах байр сууриа илэрхийлэв. Хоёр орны хамтын ажиллагааг зөвхөн бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээгээр бус, хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, технологи, мэдлэг, инновацад суурилсан урт хугацааны түншлэл болгон хөгжүүлэх явдал гэдгийг онцолж, цаашид ноос, ноолуур, арьс шир боловсруулах хамтарсан төсөл хэрэгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний худалдаа, экспортын боломжийг нэмэгдүүлэх, мал эмнэлэг, хорио цээр, вакцины чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үр, технологийн чиглэлээр туршлага солилцох, хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл дэмжих, хоёр улсын холбогдох байгууллага, бизнесийн төлөөллүүдийн шууд хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар байгаа боломжуудаа бодит төсөл, бодит худалдаа, бодит хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлж чадвал хоёр орны иргэд, бизнес эрхлэгчид, улмаар хоёр улсын эдийн засагт бодит үр өгөөж авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Одоогоор сэтгэгдэл алга.