Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын ногоон сан (GCF)-аас зохион байгуулсан “Уур амьсгалын ногоон сангийн Зүүн болон Өмнөд Азийн орнуудтай хийх бүс нутгийн яриа хэлэлцээр” арга хэмжээнд БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цаг уур, орчны шинжилгээний бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Должинсүрэн оролцов.
Зүүн болон Өмнөд Азийн бүс нутгийн 10 орны төр, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөгч оролцож, Уур амьсгалын ногоон сангийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Үндэсний эрх бүхий байгууллага (NDA) болон Уур амьсгалын ногоон сангийн хооронд хоёр талт уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны явц, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.
Мөн Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын ногоон сантай хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулга хийж, тус сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол Улсын карбон зах зээлийг хөгжүүлэх нь” төслийн үр дүн, сургамж болон Хас Банкны “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бичил, жижиг, дунд бизнесийн зээлийн хөтөлбөр” зэрэг амжилттай туршлагуудыг танилцууллаа.
Түүнчлэн Монгол Улсад хэрэгжүүлэхээр санал болгож буй хоёр төслийн үзэл баримтлалыг танилцуулж, УАНС-гийн зөвлөхүүдээс санал зөвлөмж авч, тус сангийн бодлого, стратеги, хөрөнгө оруулалтын арга барил болон бусад улсын туршлагаас суралцав.
Одоогоор сэтгэгдэл алга.