2026.09.28 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн сайд нарын бага хурал эхэллээ

Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахалж буй бөгөөд, тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо 2026 оны 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Дээрх арга хэмжээнүүдийн хүрээнд КАРЕК хөтөлбөрийн өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, бүс нутгийн цаашдын худалдаа, тээвэр-логистик, эрчим хүч, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмал, дижитал хөгжил, санхүү, хөрөнгийн зах зээл болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохоор зорьж байна.

25 ЖИЛД 300 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ, 57.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЖЭЭ

2001 онд эхэлсэн КАРЕК-ийн хөтөлбөр нь өнөөдөр Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол Улс, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан 11 улс болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизм болон өргөжөөд байна.

2001-2025 оны хооронд КАРЕК-ийн хөтөлбөрийн хүрээнд 300 бүс нутгийн төсөлд нийт 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс 19.7 тэрбум ам.долларыг Азийн хөгжлийн банк, 26.5 тэрбум ам.долларыг бусад хөгжлийн түншүүд, 11.7 тэрбум ам.долларыг КАРЕК-ийн хөтөлбөрийн гишүүн орнуудын Засгийн газар санхүүжүүлсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалт нь олон улсын авто зам, төмөр зам, тээврийн коридор, эрчим хүчний холболт, хил, боомт, худалдааг хөнгөвчлөх дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, хил дамнасан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх суурь болсон байна.

КАРЕК-ийн бүс нутаг өнөөдөр 1.8 тэрбум хүн амтай, 20.6 их наяд орчим ам.долларын эдийн засагтай бөгөөд дэлхийн ДНБ-ий 16.3 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд КАРЕК-ийн хөтөлбөрийн гишүүн орнууд хоорондын худалдааны эзлэх хувь 2001 оны 1.9 хувиас 2024 онд 4.9 хувь, харилцан хөрөнгө оруулалтын эзлэх хувь 0.5 хувиас 3.3 хувь болж өссөн бол өдөрт 3 ам.доллараас бага орлоготой хүн амын эзлэх хувь 2001 оны 54.5 хувиас 2025 онд 17 хувь болж буурчээ.

МОНГОЛ УЛСАД 19 ТӨСӨЛД 1.5 ТЭРБУМ ОРЧИМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЖЭЭ

Монгол Улс КАРЕК-ийн хөтөлбөрт 2003 онд нэгдсэнээс хойш бүс нутгийн тээврийн холболт, авто зам, хил, боомт, худалдаа, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. 2025 оны 12 дугаар сарын байдлаар Монгол Улсад КАРЕК-тэй холбоотой 19 төсөлд ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс 13 тээврийн төсөлд 1 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулсан бөгөөд 11-ийг нь Азийн хөгжлийн банк санхүүжүүлсэн байна. 

Тухайлбал, Монгол Улсыг БНХАУ, ОХУ болон Төв Азийн зах зээлтэй холбох олон улсын авто замын коридорууд, баруун бүсийн замын сүлжээ, хил нэвтрэх цэгүүдийн шинэчлэл болон Замын-Үүдийн логистикийн төв зэрэг төслүүдийг дурьдаж болох юм. Замын-Үүдийн логистикийн төв ашиглалтад орсноор экспорт, импортын өсөн нэмэгдэж буй ачааг тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, транзит тээврийн саатлыг бууруулах боломж бүрдсэн билээ.

Монгол Улс мөн 2026 онд КАРЕК-ийн дэвшилтэт дамжин өнгөрөх систем болон мэдээлэл солилцооны нэгдсэн платформ (CATS/ICE) туршилтад нэгдэх санамж бичигт гарын үсэг зурсан нь гааль, транзит тээврийн мэдээлэл солилцоог цахимжуулах, хил дамнасан худалдааг хөнгөвчлөх чухал алхам болж байна. КАРЕК-ийн хамтын ажиллагаа Монгол Улсын хувьд зөвхөн бодлогын яриа хэлэлцээ бус, зам–боомт–логистик–худалдааны бодит дэд бүтэц, бүс нутгийн зах зээлд холбогдох боломжийг бий болгосон урт хугацааны түншлэл гэж үзэж болно.

09.28: ХУДАЛДАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, БҮС НУТГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

25 жилийн ойн цуврал арга хэмжээ “Худалдаа, аялал жуулчлал болон бүс нутгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээрээр эхэлнэ.

Уулзалтаар худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан тээвэр, логистик, гаалийн хамтын ажиллагаа, single window болон дижитал шийдэл, бүс нутгийн үнэ цэнийн сүлжээ, хөрөнгө оруулалттай зэрэгцэн аялал жуулчлалыг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ өсөлтийн чиглэл болгон тусгайлан авч үзнэ.

КАРЕК-ийн хөтөлбөрийн гишүүн орнууд нь газарзүйн хувьд Евразийн төв хэсэгт оршдог, тэдгээрийн дунд далайд гарцгүй олон улс багтдаг бөгөөд Их Торгоны замын түүх, соёлын нийтлэг өв, нүүдлийн болон суурин иргэншлийн харилцан шүтэлцээ, өвөрмөц байгаль, уламжлалт ахуй зэрэг аялал жуулчлалын харилцан нөхөх томоохон нөөцтэй.

Энэ нийтлэг өвийг улс бүр тусдаа сурталчлахаас илүүтэй “Торгоны зам” бүс нутгийн нэгдсэн брэнд, олон улс дамнасан аяллын маршрут, хамтарсан бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжтой. КАРЕК-ийн аялал жуулчлалын бодлогод ч Торгоны замыг бүс нутгийн гол аялал жуулчлалын коридор болгон хөгжүүлж, олон улс дамнасан аяллыг нэмэгдүүлэх чиглэл туссан бөгөөд Монгол Улсыг хамарсан “Алтай”, “Говь”, “Тал хээр” гэсэн бүс нутгийн аялал жуулчлалын кластерууд тодорхойлогдсон байдаг.

9 дүгээр сарын 28-ны уулзалтад Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Монголын аялал жуулчлалын хөгжлийн бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа, хил дамнасан маршрут, бүтээгдэхүүн болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар мэдээлэл танилцуулна.

Энэ нь Монгол Улсын хувьд нүүдлийн соёл, тал хээр, говь, Алтайн бүс, Их Торгоны замтай холбогдох түүх-соёлын өвөө хөрш болон КАРЕК-ийн хөтөлбөрийн бусад гишүүн орнуудын бүтээгдэхүүнтэй холбож, Монголыг олон улс дамнасан аяллын нэг гол цэг болгон хөгжүүлэх боломж юм.

09.29: САЙД НАРЫН 25 ДУГААР БАГА ХУРАЛ: ИРЭЭДҮЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ТОДОРХОЙЛНО

Цуврал арга хэмжээний оргил хэсэг нь “25 жилийн түншлэл – Ирээдүйг хамтдаа цогцлоох нь” уриан дор зохион байгуулагдах КАРЕК-ийн хөтөлбөрийн гишүүн орнуудын Сайд нарын бага хурал юм. Бага хуралд КАРЕК-ийн хөтөлбөрийн гишүүн орнуудын Засгийн газрын гишүүд, сайд нар, өндөр түвшний төлөөлөгчид, Азийн хөгжлийн банкны удирдлага, олон улсын болон бүс нутгийн байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцоно.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр бага хурлыг нээж үг хэлэх бөгөөд Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда үндсэн илтгэл тавина. Хурлаар КАРЕК-ийн 25 жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, КАРЕК 2030 стратегийн хэрэгжилт, 2030 оноос хойших алсын хараа, ногоон болон дижитал эдийн засгийн коридор, хувийн хэвшлийн оролцоо, бүс нутгийн нийтийн бүтээгдэхүүн, тогтвортой, тэсвэртэй, хүртээмжтэй өсөлт зэрэг дараагийн үеийн тэргүүлэх чиглэлийг хэлэлцэнэ. Хурлын гол үр дүнгийн нэг нь КАРЕК-ийн 25 жилийн ойд зориулсан Улаанбаатарын тунхаглал байна. Тунхаглал нь CAREC 2030 стратегийг дахин баталгаажуулж, CAREC 2050 алсын хараа руу чиглэсэн хамтын ажиллагааны суурийг тавина.

Мөн хурлын үйл ажиллагааны хүрээнд гишүүн орнуудын сайд нар, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудтай Монгол Улсын Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, төрийн байгууллагуудын хооронд хоёр талын уулзалтууд зохион байгуулагдана.

09.30-10.01: 10 УЛСЫН 400 ОРЧИМ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХАМРУУЛАХ “CAREC BUSINESS FORUM” БОЛНО

КАРЕК хөтөлбөрийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах онцлох арга хэмжээний нэг болох “CAREC Business Forum” 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд болно. Монгол Улс тус бүс нутгийн бизнес форумыг анх удаа зохион байгуулж байна.

Энэ жилийн форумд төрийн болон олон улсйн байгууллагууд, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, худалдаа аж үйлдвэрийн танхимууд, бизнесийн холбоод, хөгжлийн түншүүдээс бүрдсэн нийт 10 улсын 400 орчим төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна.

КАРЕК-ийн хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд Засгийн газар хоорондын бодлогын яриа хэлэлцээ, дэд бүтцийн төсөлд түлхүү төвлөрч ирсэн бол дараагийн үе шатанд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, инноваци, технологи, бизнес хоорондын хамтын ажиллагааг эрс нэмэгдүүлэх чиглэлд шилжиж байна. Бизнес форум нь Сайд нарын бага хурлаар хэлэлцсэн бодлого, стратегийг бизнесийн бодит төсөл, хөрөнгө оруулалт, бизнес хоорондын (B2B) болон төр, бизнесийн (B2G) хамтын ажиллагаатай холбох гүүр болж байгаагаараа онцлог юм.

Форумын эхний өдөр “Хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх нь-Дэд бүтцийн өөрчлөлтийг хурдасгах нь” сэдвийн хүрээнд цэвэр эрчим хүч ба бүс нутгийн эрчим хүчний холболт, ухаалаг тээвэр ба логистик, чухал ашигт малтмал болон боловсруулах үйлдвэрлэлийн үнэ цэнийн сүлжээ гэсэн гурван үндсэн чиглэлээр хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэнэ.

Форумын хоёр дахь өдөр “Монгол Улс-Бүс нутгийн анхаарлын төвд” сэдвийн хүрээнд Монгол Улсын гарааны бизнесийн орчин, бизнес эрхлэлтийн хөгжил, хиймэл оюун ухааны бэлэн байдал, жижиг, дунд бизнесийн хөгжил, түүнчлэн Монгол Улсыг бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зангилаа болгон хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ.

Бизнес хоорондын (B2B) болон төр, бизнесийн (B2G) уулзалтуудаар бизнесүүдийг хөрөнгө оруулагч, Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй шууд холбож, хөрөнгө оруулалтад бэлэн төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан бизнес, хөрөнгө оруулалтын хэлцэл, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн суурь бий болгох бодит үр дүнд чиглүүлнэ.  

Мөн Бизнес форумын нээлтийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны санаачилгаар бий болж буй КАРЕК-ийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CCA) байгуулах санамж бичигт гарын үсэг зурж, дараагийн өдөр нь тус холбооны анхдугаар уулзалтыг зохион байгуулна. Ингэснээр КАРЕК-ийн хөтөлбөрийн гишүүн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн байгууллагуудыг холбосон хувийн хэвшлийн байнгын хамтын ажиллагааны шинэ механизм бий болж буйгаараа онцлог юм.

10.01-02: ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БҮС НУТГИЙН ШИНЭ ПЛАТФОРМЫГ МОНГОЛ УЛС АНХЛАН ДАРГАЛНА

10 дугаар сарын 1–2-нд КАРЕК-ийн Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум (CMDF)-ийн анхдугаар уулзалт болон олон улсын бага хурал болно.

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форумын анхны даргаар ажиллаж, бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа, үндэсний валютаарх бонд, ногоон болон шилжилтийн санхүүжилт, ЖДҮ-ийн санхүүжилт, дижитал хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

МОНГОЛ УЛС ЯМАР ҮР ДҮН ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

Монгол Улсын Засгийн газраас КАРЕК-ийн 25 жилийн ойн цуврал арга хэмжээг тус тусдаа зохион байгуулагдах олон улсын хурлууд бус, бодлого → төсөл → хөрөнгө оруулалт → бизнес → санхүүжилт → хэрэгжилт гэсэн цогц уялдаатайгаар төлөвлөн, зохион байгуулж, шинэ бодлого, хөрөнгө оруулалтын чиглэлд Монгол Улсын тэргүүлэх ашиг сонирхлыг тусгах, бүс нутгийн хамтын ажиллагаанаас Монголын эдийн засаг, бизнесүүдэд ирэх бодит өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг КАРЕК-ийн цаашдын хөгжлийн бодлогод тусгана. Улаанбаатарын тунхаглал болон КАРЕК 2050 алсын хараатай уялдуулан Монгол Улсын тээвэр, логистик, худалдаа, эрчим хүч, чухал ашигт малтмал, аялал жуулчлал, дижитал шилжилт, санхүүгийн зах зээлийн тэргүүлэх чиглэлийг бүс нутгийн урт хугацааны хамтын ажиллагаанд илүү нягт тусгах боломж бүрдэнэ.

Монголын төслүүдийг бүс нутгийн хөрөнгө оруулалтын урсгалтай шууд холбоно. Тээвэр-логистикийн коридор, эрчим хүч, чухал ашигт малтмал ба боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, дижитал эдийн засгийн төслүүдийг АХБ, бусад хөгжлийн түнш, олон улсын санхүүгийн байгууллага болон хувийн хөрөнгө оруулагчдад танилцуулж, санхүүжих боломжтой, хөрөнгө оруулалтад бэлэн төсөл болгон хөгжүүлэхэд чиглэнэ.

Монгол Улсын газарзүйн байршлыг эдийн засгийн давуу тал болгох боломжийг нэмэгдүүлнэ. Монгол Улсыг зөвхөн хоёр хөршийн дундах транзит орон бус, Зүүн Ази–Төв Ази–Европыг холбосон худалдаа, тээвэр-логистик, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зангилаа болгон хөгжүүлэхэд КАРЕК-ийн коридор, бүс нутгийн хамтын ажиллагааг ашиглах боломж нэмэгдэнэ.

Монголын хувийн хэвшил КАРЕК-ийн хамтын ажиллагааны шууд оролцогч болно. Бизнес форумын бизнес хоорондын (B2B) болон төр, бизнесийн (B2G) уулзалтуудаар Монголын компаниудыг 10 улсын бизнес, хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй шууд холбож, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалт, худалдаа, технологийн түншлэл, ТХХТ болон бизнесийн шинэ хэлцлийн суурь бий болгоно.

CAREC Chambers Alliance-аар бизнесийн байнгын хамтын ажиллагааны механизм бий болно. КАРЕК-ийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CCA) байгуулагдсанаар нэг удаагийн форумын уулзалтыг цааш үргэлжлүүлэх, КАРЕК-ийн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон компаниудыг тогтмол холбох, бизнесийн санал, төсөл, зах зээлийн мэдээлэл солилцох хувийн хэвшлийн байнгын институцийн механизм бүрдэнэ.

Аялал жуулчлалыг бүс нутгийн шинэ эдийн засгийн коридор болгон хөгжүүлэх боломж нээгдэнэ. Монгол Улсын нүүдлийн соёл, байгаль, Их Торгоны замын түүхэн өвийг КАРЕК-ийн орнуудын ижил төстэй соёл, маршруттай холбож, олон улс дамнасан аяллын бүтээгдэхүүн, хамтарсан маршрут, нэгдсэн сурталчилгаа, хил нэвтрэлтийг хөнгөвчлөх шийдэл хөгжүүлэх замаар Монголд ирэх жуулчны урсгал, аяллын хугацаа болон орон нутагт үлдэх эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Монголын бизнесүүдэд санхүүжилтийн шинэ сувгуудыг нээх суурь тавигдана. Монгол Улс Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форумын анхны даргаар ажилласнаар бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, ногоон болон шилжилтийн санхүүжилт, үндэсний валютаарх бонд, ЖДҮ-ийн бонд, венчур хөрөнгө оруулалт (venture capital), хувийн хөрөнгө оруулалт (private equity), олон нийтийн санхүүжилт (crowdfunding), дижитал санхүүгийн хэрэгслүүдийг Монголын компани, төслүүдийн санхүүжилттэй холбох боломжийг өргөжүүлнэ.

Монгол Улс бүс нутгийн санаачилга, яриа хэлэлцээний төв болох байр сууриа бэхжүүлнэ. КАРЕК хөтөлбөрийн 25 жилийн ойг тохиолдуулан Сайд нарын бага хурал, Бизнес форум, КАРЕК-ийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CCA), Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг бодлого, бизнес, санхүүгийн уялдаа холбоог хангах арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын бүс нутгийн хамтын ажиллагаанд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, оролцогч талуудыг холбох, бодлогын зорилтыг бодит төсөл, хөрөнгө оруулалттай уялдуулахад ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүллээ
1 цагийн өмнө 35
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна
1 цагийн өмнө 40
Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов
1 цагийн өмнө 5
Жүдо бөхийн үндэсний шигшээ баг Нагояа хотыг зорилоо
1 цагийн өмнө 4
Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
1 цагийн өмнө 7
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаковтай уулзлаа
2 цагийн өмнө 4
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа
2 цагийн өмнө 19
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо
2 цагийн өмнө 46
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
2 цагийн өмнө 8
ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа
2 цагийн өмнө 6
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2 цагийн өмнө 11
“Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
3 цагийн өмнө 51
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
3 цагийн өмнө 46
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна
3 цагийн өмнө 10
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв
3 цагийн өмнө 12
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
3 цагийн өмнө 13
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо
4 цагийн өмнө 50
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат УИХ-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
5 цагийн өмнө 17
Техникийн хамтарсан сургалтаар анги байгууллагын болон баруун бүсийн 160 орчим алба хаагч туршлага судаллаа
5 цагийн өмнө 49
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулжээ
5 цагийн өмнө 17
1 / 1