Гүрж Улсын Тбилиси хотноо 2026 оны 10 дугаар сарын 27–28-нд болсон “Tbilisi Finance Summit 2026” олон улсын санхүү, технологийн чуулга уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцож, хил дамнасан төлбөр тооцооны шинэчлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Гүржийн Үндэсний банк, тус улсын Эдийн засаг, тогтвортой хөгжлийн яам болон Сингапурт төвтэй Дэлхийн санхүү, технологийн сүлжээ (GFTN) байгууллага хамтран зохион байгуулсан уг чуулга уулзалтад 60 орчим орны 800 гаруй төлөөлөгч, 100 орчим илтгэгч оролцов.
Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирал Ж.Уясах “Хил дамнасан санхүүгийн инновац: Бүс нутгийн хэмжээнд хамтран турших боломжууд” сэдэвт панель хэлэлцүүлэгт оролцож, хил дамнасан төлбөр тооцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төв банкны цахим мөнгөнд суурилсан mBridge олон улсын төсөлд үндсэн гишүүнээр оролцож буй талаар мэдээлэл өглөө.
Монголбанк mBridge төсөлд оролцсоноор хил дамнасан төлбөр тооцооны шинэ технологийг судлах, турших, олон улсын төлбөрийн дэд бүтэцтэй харилцан уялдах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ нь цаашид гадаад төлбөр тооцооны сувгийг төрөлжүүлэх, Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой төлбөр тооцооны үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой юм.