Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзан, хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Монголын талаас ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баярсайхан нар байлцав. Оросын талаас ОХУ-ын Худалдааны төлөөлөгч С.С.Безруков болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга М.В.Васильев нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Сайд Ц.Идэрбат хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, харилцан итгэлцэл шинэ шатанд гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, уламжлалт түншлэлийг хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаагаар өргөжүүлэхэд бэлэн байгаагаа хэлэв. Түүнчлэн саяхан манай улсад бүртгэгдсэн малын гоц халдварт SAT-1 хэвшлийн шүлхий өвчинтэй тэмцэхэд ОХУ-ын Засгийн газар болон мал эмнэлгийн байгууллага болон ВНИИЗЖ-ийн зүгээс шүлхийн вакциныг шуурхай нийлүүлж, бодит хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ.
Сайд Ц.Идэрбат Монгол Улсын Засгийн газар хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж буйг хэллээ. Мөн Монгол Улс шүлхий өвчинтэй тэмцэх зорилгоор ОХУ-ын ФГБУ “ВНИИЗЖ” (Амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төв) үйлдвэртэй хамтран Шүлхийн вакциныг Биокомбинатад үйлдвэрлэхэд боломжийг судлан ажиллаж байна.
Талууд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэж, тодорхой саналуудыг солилцлоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах гурван саналыг дэвшүүлэв.
ОХУ-аас Монгол Улсад бүртгэгдсэн малын өвчинтэй холбогдуулан импортлох мах, махан бүтээгдэхүүнд түр хязгаарлалт тогтоосон. Монголын талаас өвчний голомтын бүсэд хорио цээр, дархлаажуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн бөгөөд нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-ын мал эмнэлгийн албанд албан бичгээр хүргүүлээд байна. Иймд махны экспортын түр хязгаарлалтыг эргэн харж, цуцлах асуудлыг тавив.
ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний зөвшөөрлийг “Аргус” системээр шуурхай зохицуулах механизм бүрдүүлэх, Монголын мэргэжилтнүүдийг сургах, улмаар тус системээр олгосон зөвшөөрлийг Бүгд Найрамдах Казахстан Улсын хил дээр саадгүй нэвтрүүлэх тал дээр ОХУ-ын зүгээс бүс нутгийн уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Үр тариа, тосны болон тэжээлийн таримлын үрийн хангамж, нөөц бүрдүүлэлтэд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, тариалангийн хөрсний үржил шимийг тогтоох судалгаа хийх, усны хэмнэлттэй технологид суурилсан усалгааны жишиг суваг, хөв цөөрмийн зураг төсөл, барилга угсралт болон хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүллээ.
ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков саналыг хүлээн авч буйгаа илэрхийлээд, БНХАУ-д дипломат алба хашиж байсан туршлагаа хуваалцаж, тус улсын газар тариалангийн арвин туршлагаас дурдав. Тэрбээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны, харилцан ашигтай хамтын ажиллагаа чухал бөгөөд Монгол Улстай энэ чиглэлээр хамтрах асар өргөн боломж бийг онцлов.
Элчин сайд хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, салбарыг хөгжүүлэх хамтын хөтөлбөр боловсруулах явц болон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 28 дугаар хуралдааны бэлтгэлийг хангах талаар санал хэлж, хоёр улсын салбарын Сайд нарын уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэн дараах саналуудыг дэвшүүллээ.
Малын өвчлөлийг бууруулах, экспортын саад бэрхшээлийг арилгахад хоёр улсын мал эмнэлгийн байгууллагуудын харилцааг нягт болгох шаардлагатай. Түүнчлэн “Биокомбинат” ТӨХХК-ийн вакцин савлах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг дурдлаа.
Лаазалсан, нөөшилсөн махны экспортыг бартерын худалдаагаар хийх зэрэг төлбөр тооцооны өөр хувилбаруудыг ашиглах боломжтойг дурдав. Мөн Монгол Улсаас экспортлох мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, чацарганы тос, ингэний ундааг ОХУ-ын зах зээлд сурталчлах, үзэсгэлэн худалдааны үеэр сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Монгол Улсад чанартай үр нийлүүлэх, хөрсний чанарын судалгаа хийх, мэргэжилтэн бэлтгэх, мөн "Алтанбулаг" чөлөөт бүсийг түшиглэн түүхий эд бэлтгэлийн экспортын баримжаатай хамтарсан үйлдвэр байгуулах, арьс ширний экспорт, салбарт хэрэгжиж буй "Атар-IV", "Цагаан Алт" үндэсний хөтөлбөрүүдэд хувь нэмэр оруулах санал тавив.
Уулзалтын үеэр ОХУ-ын Худалдааны төлөөлөгч С.С.Безруков Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн удирдлагатай өмнө нь уулзаж, шатахууны стратегийн нөөцийн асуудлыг хэлэлцсэн талаар дурдлаа. Тэрбээр газар тариалангийн бүс нутагт дизель түлшний нөөцийн сав худалдан авч, байршуулбал ОХУ-ын зүгээс шаардлагатай түлшээр найдвартай хангахад асуудалгүйг илэрхийлээд, одоо байгаа 7 мянган тонн түлшний нөөцийг 12 мянган тоннд хүргэх саналыг дэмжиж буйгаа хэллээ.
Уулзалтын төгсгөлд Сайд Ц.Идэрбат Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн арга хэмжээний үеэр ОХУ-д ажиллаж, тус улсын Хөдөө аж ахуйн сайд О.Н.Луттай уулзаж, ХХААХҮ-ийн салбарын саналуудыг ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаагаа дуулгав.
Элчин сайд А.Н.Евсиков эдгээр асуудлуудыг хоёр улсын Хөдөө аж ахуйн сайд нар ирэх уулзалтаараа цогцоор нь хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ механизмыг нэвтрүүлэх нь зүйтэй хэмээгээд холбогдох асуудлуудад анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.