Олон улсын ахмад настны өдрийг тохиолдуулан Геронтологийн үндэсний төвийн шинэ байрны нээлт боллоо. Шинэ байр ашиглалтад орсноор ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэргээн засах тусламж, сургалт, судалгааг уялдуулан хөгжүүлэх, урт хугацааны тусламж үйлчилгээ болон танин мэдэхүйн сэргээн засах тусламжийг өргөжүүлэх боломж бүрдэж байна.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цаашдын чиглэл, шинэ байрны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. “Ахмад настны эрүүл мэндийг хамгаална гэдэг нь зөвхөн өвчнийг эмчлэх бус, өдөр тутмын амьдралдаа бие дааж, гэр бүл, нийгэмдээ идэвхтэй оролцох боломжийг нь дэмжих хэрэгтэй.” Тэрээр ахмад настны тусламж үйлчилгээнд хөдөлгөөн, ой санамж, хараа, сонсгол, хоол тэжээл, сэтгэл зүйн хэрэгцээг цогцоор нь анхаарч, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс эхлэн эрүүл мэндийн өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчилгээ, сэргээн засах тусламжид цаг тухайд нь хамруулах шаардлагатайг онцлов. Мөн эмнэлгээс гарсны дараа ахмад настнууд гэртээ болон амьдарч буй орчиндоо шаардлагатай дэмжлэгээ үргэлжлүүлэн авах тогтолцоог бий болгох нь чухал гэдгийг тэмдэглэлээ.
ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛНЭ
Геронтологийн үндэсний төвд ахмад настны бие бялдрын сэргээн засахаас гадна сэтгэл зүй, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих сэтгэл засал, хөдөлмөр засал, дижитал ур чадварын лаборатори зэрэг шинэ үйлчилгээг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Эдгээр үйлчилгээг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд геронтологи, гериатрийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг нэмэгдүүлж, олон мэргэжлийн багийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай.” хэмээн онцоллоо. Шинэ байр нь эмчилгээ, сэргээн засах тусламж, сургалт, судалгааг нэг дор уялдуулахын зэрэгцээ ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээ болон танин мэдэхүйн сэргээн засах тусламжийг хөгжүүлэх орчин бүрдүүлэхэд чиглэж байна.

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ МЭРГЭЖЛИЙН ТӨВ БОЛГОН БЭХЖҮҮЛНЭ
Цаашид Геронтологийн үндэсний төвийг ахмад настны тусламж үйлчилгээний хөгжилд чиглэл өгдөг, эмч, мэргэжилтэн бэлтгэдэг, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлдэг үндэсний мэргэжлийн төв болгон бэхжүүлэх зорилт тавьж байна. Сайд Э.Батшугар: “Энд эмчилгээ хийлгэсэн ахмад хүн илүү чөлөөтэй алхаж, өдөр тутмын амьдралдаа илүү бие дааж, гэртээ итгэл дүүрэн харьдаг байх нь бидний хүрэхийг хүсэж буй үр дүн юм.” Мөн тус төвд бий болсон мэдлэг, туршлага, сайн арга барилыг аймаг, дүүрэг, сум, өрхийн түвшинд хүргэж, ахмад хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Геронтологийн үндэсний төв цаашид ахмад настныг өвчин эмгэгийн үед нь эмчлэхээс гадна эрүүл, идэвхтэй, бие даасан, нэр төртэй насжихад нь дэмжлэг үзүүлэх тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, нотолгоонд суурилсан мэдлэг, шинэ технологи, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Шинэ байр ашиглалтад орж буй энэ өдөр нь зөвхөн нэг байгууллагын орчин нөхцөл сайжирч буй үйл явдал бус, Монгол Улсад ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, төрөлжилтийг шинэ түвшинд хүргэх хөгжлийн дараагийн үе шатны эхлэл болж байна.

Геронтологийн үндэсний төв өнөөдөр ахмад настны эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ геронтологи, гериатрийн чиглэлээр мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, сургалт зохион байгуулах, судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Тус төв өнөөг хүртэл 10,000 гаруй ахмад настанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, олон улсын 15 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 50 гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч тус төв 2005 оноос хойш 1956 онд ашиглалтад орсон, хуучин сүрьеэгийн диспансерийн 513 м² талбай бүхий 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, тусламж үйлчилгээний шинэ чиглэлүүдийг хөгжүүлэхэд орчны хязгаарлалт болж байв. Иймээс ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн үзүүлэх, сургалт, судалгаа, дадлагын орчныг өргөжүүлэх зорилгоор шинэ барилга байгууламжийг бий болгох асуудал олон жил яригдаж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын төсвийн санхүүжилтээр шинэ барилга барих асуудал эхлэн, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр анх гэрээ байгуулж барилга угсралтын ажил эхэлж, 4,438,647,558 төгрөгний санхүүжилтээр баригдан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр БА-274/2026 дугаар дүгнэлтээр Барилга байгууламж ашиглалтад оруулах дүгнэлт нь баталгаажсан болно. Ийнхүү одоогоос 7 жил 1 сарын өмнө эхэлсэн Геронтологийн үндэсний төвийн барилга ашиглалтад орлоо.

Ахмад настны эрүүл мэндийн тусламжийн суурь 60 жилийн өмнөөс тавигджээ
Монгол Улсад ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх анхны санаачилга 1966 оноос эхэлж, гериатрийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, ахмад настанд зориулсан төрөлжсөн тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх эхлэл тавигдсан байна.1977 онд Улаанбаатар хотын Нэгдсэн III эмнэлгийг түшиглэн “Өндөр настны кабинет” байгуулагдсан нь ахмад настанд чиглэсэн төрөлжсөн тусламж үйлчилгээний анхны бүтэц болсон бөгөөд улмаар өндөр настны амбулатори, нөхөн сэргээх тусламжийн үйл ажиллагаа өргөжин хөгжжээ. 1999 онд “Геронтологи сэргээн засалтын төв” байгуулагдаж, ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаа, арга зүйн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах шинэ үе эхэлсэн. 2005 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Геронтологийн төвийг бие даасан байгууллага болгон байгуулж, геронтологийн салбарын хөгжилд үндэсний хэмжээний мэргэжлийн удирдлага, сургалт, судалгаа, тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх үндэс тавигдсан юм.
2012 онд Геронтологийн үндэсний төв болон өргөжиж, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд геронтологи, гериатрийн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндэсний лавлагаа төвийн үүргийг хэрэгжүүлж байна.
Одоогоор сэтгэгдэл алга.