Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.09.28/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ.
Ерөнхий хяналтын сонсголд тус Байнгын хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Ж.Батжаргал, М.Ганхүлэг, Г.Ганбаатар, С.Ганбаатар, С.Замира, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр, С.Одонтуяа, Ж.Чинбүрэн, А.Ундраа нар ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр 09 цаг 45 минутад эхэлсэн.
Сонсголыг Байнгын хорооны дарга М.Мандхай даргалсан.
Сонсгол даргалагч гишүүдийн ирц, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журмыг танилцуулав. Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн байгууллагын төлөөлөл 37, төрийн бус төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл 27, нийт 64 хүн оролцож байгаа аж.
Ерөнхий хяналтын сонсголыг нээж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс урамшуулалд 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөгийг гаргаж, давхардсан тоогоор 1 сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдаж ирснийг дурдаад, 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжүүд хүртсэний 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон гэлээ.
Монголын төр хөдөө аж ахуйн салбараа дэмжихийн тулд өнгөрсөн он жилүүдэд ямар нэг байдлаар бодлого, стратеги гаргаж, төсвийн мөнгийг зарцуулсаар ирснийг тодотгоод ингэх нь ч зүйн хэрэг гэлээ. Гэхдээ энэхүү хүчин чармайлтын үр дүнд салбарын хөгжил урагшилж, ажлын байр нэмэгдэж, малчид тариаланчдын амьжиргаа, ажиллах нөхцөл сайжирч, бас үр дүн эгэл жирийн иргэдийн амьдрал дээр ч тусгалаа олж байх ёстой гэдгийг сонсгол даргалагч онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр 2010 онд 346 мянга байсан салбарын ажилчдын тоо 31 мянгаар буурч, бүтээмж улсын дундажтай харьцуулбал 2 дахин бага, импортын хамаарал 5.6 дахин өссөн. Бид импортын хамаарлыг бууруулах зорилготой гэж хөтөлбөр бүрийнхээ зорилтыг тодорхойлсоор ирсэн байхад ингэж урвуу хамааралтайгаар өссөний шалтгааныг эргэн харах цаг болжээ гэлээ.
Энэхүү сонсголын хүлээгдэж буй үр дүнд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх агуулга бүхий Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулна гэдгийг сонсгол даргалагч онцлон тэмдэглэсэн.
Түүнчлэн Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа хяналтын сонсгол нь зөвхөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу болдгийг онцгойлон анхааруулав.
Ингээд сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын танилцуулгаар үргэлжлэв.
Тэрбээр мэдээлэлдээ, Эл салбар нь хүнсний хангамж, аюулгүй байдал, малчин тариаланчдын орлого, ажлын байр, үндэсний үйлдвэрлэл, экспортын орлого, цаашлаад улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн салбар гэдгийг онцолж байлаа.

Өнөөдөр салбарын үйлдвэрлэл 2025 оны байдлаар 23,3 их наяд төгрөгт хүрч, нийт ажиллах хүчний 45,3 хувь нь уг салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар 108,8 сая га бөгөөд 58,1 сая толгой малтай, 312,2 мянган малчин, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 1.0 сая орчим эргэлтийн талбайд 15 мянган иргэн, 1500 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бол, хүнсний салбарт 2600 орчим үйлдвэр, цех, хөнгөн үйлдвэрийн салбарт 353 үйлдвэр, 1769 цех үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр тоо нь салбарын цар хүрээг харуулж байгаа гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.
Энэхүү сонсголоор төрөөс ямар дэмжлэг үзүүлсэн бэ гэдгээс илүүтэйгээр олгосон дэмжлэгийн үр дүн, үйлдвэрлэл, бүтээмж, орлого, ажлын байр, дотоодын хангамжид ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бодитой үзүүлэлт, үр дүнгээр нь танилцуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа сайд онцлон тэмдэглэв.
2008 оноос хойш Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн бөгөөд эдгээр бодлогын арга хэмжээгээр бий болсон байна.
Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээмж, цаашид хүрэх үр дүнгийн талаар танилцуулав.
Мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ "Төрөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон дэмжлэг, түүний хэрэгжилт, үр дүн"-гийн талаар танилцуулав.
Улсын хэмжээнд газар тариалангийн зориулалттай 1,2 сая га талбай байдаг бөгөөд жилд дунджаар 600 орчим мянган га талбайд тариалалт хийж, 300 орчим мянган га талбайг уринш боловсруулдаг. Газар тариалангийн салбарт 15 мянган өрх 1600 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, жилд дунджаар 1,2 сая тонн ургац хураан авч байгаа аж.
Салбарын нийт орлого 2025 оны байдлаар 1,9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн хугацаанд "Атрын I,II,III" аяныг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдаж, салбарын хөгжлийн бодлогод томоохон шийдвэр болсон гэв.
Эл салбарт улсын төсвийн хөрөнгө, Хөдөө аж ахуйн корпорацын өөрийн хөрөнгө, дилер аж ахуйн нэгжүүдэд болон харилцагч байгууллагуудын хөрөнгө, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэмжлэгүүдийг үзүүлдгийг дурдлаа. Тухайлбал, хүнсний улаан буудай, үрийн улаан буудай, техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо, шилмэл үүлдрийн мал, малын тэжээлийн үр, хүнсний ногооны үр, хүлэмж, усалгааны усалгааны тоног төхөөрөмж зэрэг бодит дэмжлэгүүдийг үзүүлдэг аж. Тодруулбал, үрийн улаан буудайн зээлийн дэжлэгийн хүрээнд жилд дунджаар 308 тариаланч, аж ахуйн нэгжид 7.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9.8 мянган тонн үрийг 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас бүрдүүлэх нөхцөлтэй зээлээр олгосон байна. Үүний үр дүнд үрийн шинэчлэл хийж, тариалалтыг технологийн хугацаанд гүйцэтгэж, нэгжийн ургац нэмэгдсэн гэж байлаа.
Мөн шатахууны зээлийн дэмжлэгийн хүрээнд жилд дундажаар 1004 иргэн, аж ахуйн нэгжид 6.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.9 мянган тонн шатахууныг 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас бүрдүүлэх нөхцөлтэйгөөр олгосон гэдгийг танилцуулгад дурджээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн зээлийн дэмжлэгийн хүрээнд технологийн шинэчлэл хийх, технологийн ажлыг хугацаанд гүйцэтгэх, хөдөлмөр хөнгөвчилөх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлжээ. Үүний үр дүнд үр тарианы техникийн 82, зүтгэх хүчний техникийн 65 хувь нь шинэчлэгдэж, хаврын тариалалтыг 14-21 хоног, ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн хэмээсэн байв.
Газар тариалангийн салбарт гарсан үр дүнтэй доорх зурагнаас танилцана уу.


Дараа нь “Төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш олгосон дэмжлэг, зарцуулсан санхүүжилт, хэрэгжилт, эрсдэлийн талаар” шинжээч дүгнэлтээ танилцуулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн баримт материал, Үндэсний аудитын газар, Сангийн яамнаас хянасан хяналт шалгалтын тайлан дүгнэлт, Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн статистик мэдээнд үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан гэдгээ тодотгов.
Энэхүү дэмжлэгийн үр дүнд салбарын үйлдвэрлэл нэмэгдэх, бүтээмж өсөх, малчин, тариаланчдын орлого болон салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэх ёстой гэдгийг шинжээч дүгнэлтдээ дурдаад, үр дүнд хүрэхийн тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд зориулж техник тоног төхөөрөмж, үрийн буудайн, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо зэрэг дэмжлэгүүдийг мөнгөөр болон шилмэл үйлдвэрийн малаар, үр тариагаар эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгжүүд олгосон байна гэв.
Тус салбарт 2008-2025 оны хооронд үзүүлсэн дэмжлэгийг доорх зурагнаас харна уу.
Салбарын өнөөгийн нөхцөл байдлыг 2010 онтой харьцуулахад ажиллах хүч 2025 оны байдлаар бол 31 мянгаар буурсан, бүтээмж улсын дунджаас 2 дахин бага байгаа бөгөөд 2017 онтой харьцуулахад бол салбарын өрсөлдөх чадвар мөн буурсан гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн 2010 оноос хойш тасралтгүй нэмэгдэж 5,6 дахин өссөн импортын хэмжээ энэ хугацаанд 3,9 дахин нэмэгдсэний зэрэгцээ, хөдөө аж ахуйн салбарын экспорт, импортын харьцаа 74,1 хувиар өсөхөд, бордоо, азотын эрдэс, химийн бордоо, тэжээлийн нэмэлт, уураг, түүхий эд, малын вакцины импортын хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг дүгнэлтдээ дурдлаа.
Шинжээчийн дүгнэлтэд дурдсан шалтгалтын талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Шинжээч нэгдсэн дүгнэлтдээ, цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүй, үр дүн хангагдсан эсэхийг үнэлэх боломжгүй, жилийн төсөв, төсөл арга хэмжээний санхүүжилтээс хамаарч байгааг дурдахын зэрэгцээ хариуцлагын тогтолцоо хангалтгүй, төсвийн үр ашиг буурсан хэмээн дурдсан байлаа. Эцэст нь хөдөө аж ахуйн салбарын төрийн дэмжлэг нь тогтвортой санхүүжилт, үр нөлөө, үр дүнгийн үнэлгээ, эргэн төлөлт, хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоогүй, олголтод суурилсан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, бодлогын зорилтыг хангаагүй байна хэмээн дүгнэсэн байлаа.


Ингээд дээрх танилцуулга, мэдээлэл, дүгнэлттэй холбогдуулан сонсголд оролцогчид болон Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, А.Ундаа нар тайлбар, санал хэлэв.
Оролцогчид өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт нийт 6 их наяд төгрөг зарцуулсан хэдий ч үр дүн тааруу, малчид, тариаланчийн орлого бодитой өсөөгүй шалтгаан нь төрөөс үзүүлсэн дэмжлэгийн зорилго тодорхой бус, улмаар нэмүү өртгийн сүлжээгээ бүхэлд нь харж чадаагүй, хяналт сул байсан гэдэг саналыг илүүтэй хэлж байлаа. Мөн цаашид малчдад Орон нутгийн хөгжлийн сангаас төсөл, хөтөлбөрийн дэмжлэгийг олгох, тариаланчдад газраа барьцаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, төсөл хөтөлбөрийн хүрээнд олгох зээл, урамшууллын асуудлын хариуцлагыг чангатгах, зээл, дэмжлэгийг бодитой эзэнд нь хүргэхэд онцгойлон анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв. Үүгээр сонсголын үдээс өмнөх хэсэг түр завсарлав. Үдээс хойш сонсгол хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй урамшууллын асуудлаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Одоогоор сэтгэгдэл алга.