Экологич, байгаль хамгаалагч Ч.Баярмаа дэлхийн нэр хүндтэй “WINGS Women of Discovery Awards 2026”-ын дөрвөн шагналтны нэгээр шалгарчээ. Тэрээр 2026 оны 11-р сарын 5-нд АНУ-ын Нью-Йорк хотод болсон ёслолын үеэр шагнал хүртсэн байна.
Тэрээр зөвхөн Монголын ховор амьтдыг судлаад зогсохгүй, GPS төхөөрөмжтэй тас шувуудаар дамжуулан хууль бус агнуур, зэрлэг амьтдын үхлийн тохиолдлыг илрүүлэх “Sky Rangers” төслийг удирдаж байгаа юм байна. Энэхүү төсөл нь Монголын өргөн уудам нутагт байгаль хамгааллын шинэ технологи ашиглах зорилготой аж.
WINGS Women of Discovery Awards нь шинжлэх ухаан, судалгаа, байгаль хамгаалал, экспедицийн салбарт онцгой амжилт гаргаж буй эмэгтэй судлаач, нээлт хийж буй эрдэмтдийг хүлээн зөвшөөрч, тэдний ажлыг санхүүжүүлэн дэмжих зорилготой олон улсын шагнал, тэтгэлэгт хөтөлбөр юм байна.
Сонирхуулахад, Ч.Баярмаа өмнө нь Монголоос анх удаа National Geographic Young Explorer хэмээн танилцуулагдаж байжээ.
