Монгол Улсын дээд шүүхээс уг хэрэгт холбогдох шүүгдэгчдийн талаар гаргасан өмнөх шүүхийн шийдвэрүүдийг хянан хэлэлцээд, зарим шүүгдэгчид оногдуулсан ялыг сэргээж, зарим шийдвэрийг хэвээр үлдээж, холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
Тодруулбал, “Евро-2” стандартын дизель хөдөлгүүртэй автобуснуудыг “Евро-5” стандартын шаардлага хангасан мэтээр харагдуулах зорилгоор гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрт “Евро-5” стандартын AdBlue сав суурилуулж, холбогдох тэмдэглэгээ, наалт хийж хуурамчаар өөрчилсөн бөгөөд зарим автобусыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсний дараа улсын төсвөөс санхүүжилт авсан үйлдлийг автобус хүлээн авах ажиллагаатай холбон үзэж, залилах болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зэрэгцүүлэн зүйлчлэх боломжгүй гэж дүгнэсэн байна.
Гэвч албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг залилах гэмт хэргийн арга хэрэгсэл төдий гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцэхгүй гэж үзжээ. Иймд А.Г, Ж.Э, БНСУ-ын иргэн К.К, Л.Ж нарыг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Харин Ч.М-ын хувьд ажлын хэсгийн гишүүн байсан боловч өөр хэлтэст үндсэн ажил эрхэлдэг тул захиалагчийн хяналтын үүрэг хүлээхгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэн, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ.
Прокуророос Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэх зорилгоор 2023 онд улсын төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаа зохион байгуулж, “Тэнүүн-Огоо” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон, автобус нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч тус компани гэрээнд заасан Евро-5 стандартын шаардлага хангасан автобус нийлүүлэх үүргээ биелүүлэхдээ Евро-2 стандартын хуучин загварын хөдөлгүүртэй автобусыг Евро-5 стандартын шаардлага хангасан мэтээр хуурамч тэмдэглэгээ хийж, холбогдох техникийн шаардлагыг хангаагүй автобус нийлүүлсэн гэж үзээд шүүгдэгч А.Г, Ж.Э, БНСУ-ын иргэн К.К, Л.Ж нарыг дээрх үйл ажиллагаанд оролцож, автобусны бодит техникийн үзүүлэлтийг нуун дарагдуулан, худал мэдээлэл ашиглаж, улсын төсвөөс санхүүжилт авсан буюу бусдыг залилсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, харин Ч.М-ийг автобус хүлээн авах ажиллагаанд оролцохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЭД
Шүүгдэгч Ч.М-ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч БНСУ-ын иргэн Л.Ж-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч БНСУ-ын иргэн К.К-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Шүүгдэгч БНСУ-ын иргэн Л.Ж-ийн цагдан хоригдсон 13 хоногийг оногдуулсан торгох ялаас 1 хоногийн 15 нэгжээр тооцон хасаж ялын хэмжээг 29,805,000 төгрөгөөр,
Шүүгдэгч БНСУ-ын иргэн К.К-ын цагдан хоригдсон 14 хоногийг оногдуулсан торгох ялаас 1 хоногийн 15 нэгжээр тооцон хасаж ялын хэмжээг 34,790,000 төгрөгөөр,
Шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 1 хоногийг оногдуулсан торгох ялаас 1 хоногийн 15 нэгжээр тооцон хасаж ялын хэмжээг 39,985,000 төгрөгөөр тус тус тогтоож,
Шүүгдэгч А.Г-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН 2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААН