Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 5-нд өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслол Парис хотноо Элизейн ордонд болж, Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд уламжлав.
Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж, хоёр орны дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, хоёр талын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт бодит агуулгаар баяжиж буйг онцлов.
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элчин сайд Ц.Мөнх-Оргилд амжилт хүсэж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв гэж ГХЯ мэдээллээ
Одоогоор сэтгэгдэл алга.