Монгол Улсын дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Улсын дээд шүүх, Шүүхийн академиас хамтран “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж байна.

Хурлыг нээж, ерөнхий чиглүүлэгч Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар хэлэлцүүлгийн үндсэн болон салбар хуралдаануудын сэдэв, оролцогчдыг танилцуулсан юм.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн хуралдааны эхний илтгэлийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болон хэргийн оролцогчийн эрхийн баталгаа” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал, дүгнэлтээ танилцуулав.
Энэ үеэрээ тэрбээр өмгөөлөх болон яллах талын тэнцвэртэй байдлыг хангахын тулд дараах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох боломжтойг онцоллоо.
Нэгдүгээрт, “хавтаст хэргийн нээлттэй байдал” (transparency of the case file or dossier)
Хоёрдугаарт, өмгөөлөх талын нотолгооны идэвхтэй оролцоог дэмжих
Гуравдугаарт, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг талуудын мэтгэлцээнд төвлөрсөн байдлаар дахин боловсронгуй болгох хэрэгтэйг дурдаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрхэн ямар хүрээ хязгаарт, ямар арга хэрэгслээр мэтгэлцэх зарчмыг илүү бэхжүүлж, талуудын тэнцвэртэй байдлыг хангах боломжтой вэ гэдэгт анхаарал хандуулах нь зүйтэй болохыг онцолсон юм.
Удаах илтгэлийг Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай илтгэгч профессор Маргарет Саттертвэйт ”Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлж, “Шүүхийн тогтолцооны шинэчлэл нь шүүгчдийн хараат бус, шударга байдлыг сулруулахад чиглэх ёсгүй. Төрийн албан тушаалтнууд шүүгчдийг олон нийтийн өмнө гүтгэх, худал мэдээлэл тараах нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлдөг бөгөөд энэ нь олон нийтийн дунд шүүгчдийн эсрэг сөрөг ойлголт үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн шүүгчид цахим орчинд дарамтад өртөж, тэдний гэр бүлийнхэн нь халдлагад өртөх явдал ч гарч байна. Ийм үйлдлүүдийг хэн нэгэн өндөр албан тушаалтны даалгавраар гүйцэтгэх нь бий. Үүний үр дүнд шүүхийн хараат бус байдлыг бууруулах, шүүх эрх мэдлийн хүчийг сулруулах эрсдэл бий болдог. Тиймээс шүүгчдийн эрхийг хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлж байх нь чухал” хэмээв.

Гурав дахь илтгэлийг Шүүхийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг ”Шүүх эрх мэдлийн салбар дахь олон улсын түншлэл, өнөө ба ирээдүй” сэдвээр тус, тус хэлэлцүүлсэн юм. Тэрбээр хамтарч ажиллаж байгаа байгууллагуудынхаа талаар болон хамтын ажиллагааныхаа түүхэн замналын талаар мэдээлэл өгч, цаашид шүүх эрх мэдлийн салбарын олон улсын хамтын ажиллагаа зөвхөн бид юуг бусдаас сурах вэ гэдгээр хязгаарлагдахгүй, харин бид юуг хамтдаа бүтээж, түүнийгээ бусадтай хэрхэн хуваалцаж, шүүхийн хөгжилд ямар бодит хувь нэмэр болгон оруулах вэ гэсэн илүү өргөн хүрээний хандлага руу чиглэнэ. Энэ утгаараа олон улсын хамтын ажиллагааны амжилтыг зөвхөн хамтран зохион байгуулсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоогоор бус, шүүгчийн мэргэжлийн чадавхад үзүүлсэн үр нөлөө, шүүхийн үйлчилгээ, хүртээмжид бий болгосон өөрчлөлт, шүүн таслах ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, тогтвортой түншлэлээр үнэлэх нь чухал гэдгийг онцолсон юм.
Үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж дууссаны дараа “Шүүх эрх мэдлийн салбарын эрх зүйн хөгжил, сургамж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ахмад шүүгч Т.Уранцэцэг, А.Доржготов, О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нар панелистаар оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр ахмад шүүгчид эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, тэдгээрийн эрх зүйн хөгжлийн явцад хуримтлагдсан сургамж, цаашид анхаарч, боловсронгуй болгох шаардлагатай асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүхийн захиргааны байгууллагаас шүүхийн бие даасан, хараат бус үйл ажиллагааг дэмжих, шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа хуваалцлаа.
Үндсэн хуралдааныг Улсын дээд шүүхийн шүүгч Б. Ундрах хааж, эрдэм шинжилгээний хурлын үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой, ач холбогдол бүхий илтгэлүүд хэлэлцүүлснийг онцлоод олон улсын эрдэм шинжилгээний хурал салбар хуралдаануудаар үргэлжилж, оролцогчид холбогдох сэдвийн хүрээнд санал, байр сууриа солилцоно гэдгийг тэмдэглэв.
Одоогоор сэтгэгдэл алга.