2026.10.07 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.07/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулах, төслүүдийг төлөвлөлтөөс эхлээд өмчид бүртгээд ашиглах хүртэлх нэгдсэн удирдлага болон ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Сангийн сайд онцолж байлаа.

Монгол Улсад 2016–2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 2,874 төслийн 42.5 хувь буюу 1,219 төслийн төсөвт өртөг нэмэгдэж, гурван төсөл тутмын нэг нь хэрэгжих хугацаагаа сунгасан байгааг З.Мэндсайхан сайд дурдаад энэ эргээд төсөвт нэмэлт ачаалал үүсгэж, барилга байгууламж, дэд бүтэц хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж саарч, төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж буурах сөрөг үр дагаварт хүргэж байна гэлээ.


viber_image_2026-10-07_14-44-47-396.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ олон жил дамнаж хугацаандаа ашиглалтад ордоггүй, тэр хэрээр үнэ өртөг өсдөг, чанаргүй баригддаг, гүйцэтгэлийн хяналт тааруу байна гэх зэргээр хамгийн их шүүмжлэл дагуулдаг асуудал гэдгийг дурдаад, цаг үеэ олсон чухал шаардлагатай хуулийн төсөл боловсруулсан байна гэлээ. Мөн цаашлаад төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг давхардалгүй, харилцан уялдаатай, үр ашигтай, оновчтой төлөвлөж, хуваарилах, ач холбогдлын эрэмбэ, үнэлгээнд үндэслэдэг, шаардлагагүй тохиолдолд гадаад зээлийн эх үүсвэр ашиглахгүй байх, төсөл, арга хэмжээг үр ашигтай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүжилт, зарцуулалт, бүртгэл, тайлагналт, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.


viber_image_2026-10-07_14-44-48-918.jpg

Иймд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг боловсруулсан байна.

Найман бүлэг 63 зүйлтэй хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төсөвт өртөг болон хэрэгжих хугацаанаас хамааран тав ангилж, төслийн төрөл, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын үе шат, хориглох зүйлийг тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, тэргүүлэх салбарыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, түүний зориулалт, төсөлд тавигдах нийтлэг шаардлага, төлөвлөлт, бэлтгэл ажлыг хангах, гадаад зээл, тусламжийн төслийг төлөвлөх, үнэлэх, шийдвэрлэх зохицуулалт болон төслийн ашиглалт, техник, эдийн засгийн үндэслэл, нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцох, улмаар төслийг үнэлж, эрэмбэлэн улс, орон нутгийн төсөвт тусгах зохицуулалтыг тусгажээ.


viber_image_2026-10-07_14-44-46-407.jpg

Түүнчлэн төслийн төлөвлөлт, бэлтгэл ажиллагааг хангасан, төсөвт тусгагдан батлагдсан хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналтын асуудлыг хуульчлан зохицуулсан төдийгүй төслийн санхүүжих дүнд хийх хөрөнгийн зохицуулалт, төсөвт өртгийн өөрчлөлт, гүйцэтгэлд тавих хяналт, захиалагчийн техникийн болон зохиогчийн хяналт, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ тайлагналт, үр дүнгийн талаарх зохицуулалтыг тус тус тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын ил тод, нээлттэй байдал, цахим системийн удирдлагыг хэрэгжүүлэх асуудал, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж удирдах, улмаар олон нийтийн оролцоог хангах талаарх зохицуулалтыг тусгасан аж.

Төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, улсын болон бүс нутгийн хөгжилд зориулсан төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн нэгдмэл, цогц, таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
13 мин өмнө 1
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 93.8 хувьд хүрлээ
18 мин өмнө 1
“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна
21 мин өмнө 30
Нислэгийн цаг уурын үйлчилгээ шинэ шатанд гарлаа
32 мин өмнө 1
Ж.Энхбаяр: Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ
41 мин өмнө 33
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
1 цагийн өмнө 2
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1 цагийн өмнө 38
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 8
ЦЕГ: Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулжээ
1 цагийн өмнө 40
Монгол хүний сайн сайхан байдлын түвшинг анх удаа үндэсний хэмжээнд хэмжжээ
2 цагийн өмнө 14
Элчин сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхийлөгч Эммануэл Макронд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2 цагийн өмнө 11
“Танхайрах” зөрчил 33.8 хувиар өсжээ
3 цагийн өмнө 50
2026 оны III улирлын байдлаар 7,415,455 зөрчил бүртгэгджээ
3 цагийн өмнө 56
160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр болон спорт заалын барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ
3 цагийн өмнө 62
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
4 цагийн өмнө 15
Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
4 цагийн өмнө 46
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
5 цагийн өмнө 47
Францад оршин суугаа Монгол иргэдийг жагсаал, цуглааны ойр газар руу зорчихгүй байхыг анхаарууллаа
5 цагийн өмнө 52
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
6 цагийн өмнө 51
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
6 цагийн өмнө 19
1 / 1