Монгол хүний сайн сайхан байдлыг үндэсний хэмжээнд цогцоор нь үнэлсэн анхны суурь судалгааны үр дүнг танилцууллаа.
Судалгааг “Оптимал Эн Макс” ХХК хоёр жилийн хугацаанд бэлтгэн хэрэгжүүлж, Улаанбаатар хот болон Баруун, Зүүн, Төв, Хангайн бүс, мөн гадаадад амьдарч буй 18-аас дээш насны 5001 иргэнийг хамруулжээ.
Судалгаагаар хүний сайн сайхан байдлыг сэтгэл зүй, нийгэм, санхүү, бие махбод, ажил хөдөлмөр, цахим орчин, хүрээлэн буй орчин, хувийн сайн сайхан байдал гэсэн найман хүчин зүйлээр үнэлсэн байна.
Нийт оролцогчдын 30.6 хувь нь сайн, 45.7 хувь нь дунд, 23.6 хувь нь сул түвшний сайн сайхан байдалтай гэж үнэлэгджээ.
Найман үзүүлэлтээс ажил хөдөлмөрийн сайн сайхан байдал хамгийн өндөр гарсан бөгөөд оролцогчдын 59.9 хувь нь энэ үзүүлэлтээр сайн түвшинд байв. Харин санхүүгийн сайн сайхан байдал хамгийн анхаарал татсан үзүүлэлт болж, ердөө 13.5 хувь нь сайн түвшинд үнэлэгджээ. Мөн оролцогчдын 44.8 хувь нь хүрээлэн буй орчны нөхцөл эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн байна.
Монголчуудын сайн сайхан байдалд хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулахад эдийн засаг 37.9 хувь, улс төр 26.1 хувь гэсэн үзүүлэлтээр тэргүүлжээ. Иргэдийн хувьд амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах, хүрэлцээтэй орлоготой байх, эдийн засгийн дарамтгүй амьдрах нөхцөл чухал гэж үзсэн бол улс төрийн хүрээнд төрийн бодлого, хуулийн хэрэгжилт, авлига, шударга бус байдал, улс төрийн тогтворгүй байдал зэргийг онцолсон байна.

Судалгаагаар сайн сайхан байдлын найман хүчин зүйл хоорондоо харилцан хамааралтай, нэг үзүүлэлт сайжрахад бусад үзүүлэлтэд ч эерэг нөлөө үзүүлэх боломжтойг тогтоожээ.
Судалгааны үр дүнг цаашид төрийн бодлого, хөтөлбөр боловсруулах, иргэдийн амьдралын чанарын өөрчлөлтийг тогтмол хэмжих суурь үзүүлэлт болгон ашиглахаар төлөвлөж байна. Мөн Монгол хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх санал, шийдлийг хэлэлцэх “Well-being Mongolia Forum 2026” арга хэмжээг 10 дугаар сарын 13-нд зохион байгуулах юм.

Одоогоор сэтгэгдэл алга.