2026.10.28 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна

53 мин өмнө 17

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс 2027 оны улсын төсвийн төсөлд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж, төсвийн зарлага сонгуулийн мөчлөгт захирагдаж, цалин, тэтгэврийн зардал нэмэгдэхийн зэрэгцээ төсвийн хэлэлцүүлэг, ил тод байдал хангалтгүй байгааг анхаарууллаа.

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб 2026 оны аравдугаар сарын 22-нд гаргасан мэдэгдэлдээ 2027 оны улсын төсвийн төслийг дөрвөн үндсэн асуудлын хүрээнд шүүмжилжээ.

Төсвийн хэлэлцүүлэг улс төрийн барьцаа болж байна

Клубын зүгээс улсын төсөв нам, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийн зөрчлийн барьцаа болж, УИХ-ын гишүүдийн ирц, оролцоо, хариуцлага төсвийн бодлогод эрсдэл учруулж байгааг онцолсон байна.

Улс төрийн хүчнүүд төсвөөр барьцаалан шахалт үзүүлж, хэлэлцүүлгийг бойкотлох замаар төсөв батлах хугацааг хуулийн эцсийн өдөрт тулгадаг жишиг тогтсоныг шүүмжилжээ. Үүний улмаас улсын бүтэн жилийн орлого, зарлагыг тодорхойлох чухал баримт бичгийг хангалттай хэлэлцэж, нягтлалгүй батлах, улмаар удалгүй дахин тодотгох явдал давтагдаж байгааг анхааруулсан байна.

Тус клуб “Улсын төсөв бол улс төрийн наймааны хэрэгсэл биш, улс орны хөгжлийн бодлого” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

2027 оны төсвийн зарлагыг 28 хувиар өсгөхөөр төлөвлөжээ

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб 2027 оны төсвийн төсөлд сонгуулийн мөчлөгтэй холбоотой зарлагын өсөлт дахин ажиглагдаж байгааг онцолсон байна.

Тус клубын харьцуулсан тооцоогоор 2000 оноос хойших 26 жилийн хугацаанд сонгуулийн болон сонгуулийн өмнөх жилүүдэд төсвийн зарлага дунджаар 21.6 хувиар өссөн бол бусад жилд 16.8 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, сонгуультай холбоотой жилүүдийн зарлагын өсөлт бусад үеийнхээс дунджаар 4.8 нэгж хувиар өндөр байгаа аж.

Мөн 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотойгоор төсвийн зардлыг 2026 оны хүлээгдэж буй дүнгээс 28 хувиар өсгөхөөр төлөвлөснийг шүүмжилж, Засгийн газрыг сонгуульд зориулсан төсөв боловсруулсан хэмээн дүгнэжээ.

Клубын үзэж буйгаар улсын төсөв дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгт бус, улс орны урт хугацааны хөгжлийн зорилгод чиглэх ёстой юм.

Цалин, тэтгэврийн зардал төсөвт дарамт учруулах эрсдэлтэй

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх нь зайлшгүй хэрэгцээ байж болох ч үүнийг төсвийн бодит боломж, бүтээмжийн өсөлттэй уялдуулах шаардлагатайг клуб онцолжээ.

Сонгуулийн өмнө төрийн албан хаагчдын цалингийн санг огцом нэмэгдүүлэх нь төсвийг улс төрийн богино хугацааны ашиг сонирхолд үйлчлэх санхүүжилтийн хэрэгсэл болгох эрсдэлтэй гэж үзсэн байна. Учир нь нэг удаа нэмэгдсэн цалингийн зардал дараагийн жилүүдэд ч төсөвт байнгын дарамт учруулдаг.

Иймээс цалингийн өсөлтийн цаана төрийн албаны бодит хэрэгцээ, үр ашиг байгаа эсэхийг нягталж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагатайг мэдэгдэлдээ дурджээ.

Төсвийн зарцуулалтыг нээлттэй өгөгдөл болгохыг шаардав

Клубын зүгээс төсвийн төслийг жирийн иргэн ойлгож унших, сэтгүүлч, судлаачид нарийвчлан шинжлэх боломж хязгаарлагдмал байгааг мөн шүүмжилсэн байна.

Төсвийн хөрөнгийг хэнд, юунд, ямар үндэслэлээр зарцуулахыг тодорхой болгож, төсвийн төгрөг бүрийн зарцуулалтыг дэлгэрэнгүй задаргаатай, нээлттэй өгөгдөл хэлбэрээр нийтлэх шаардлагатай гэж үзжээ.

Түүнчлэн төсөл, арга хэмжээ бүрд тусгай код, дугаар олгож, төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилт, гүйцэтгэл хүртэлх явцыг олон нийт хянах боломж бүрдүүлэхийг уриалсан байна.

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб мэдэгдлийнхээ төгсгөлд УИХ-ыг улсын төсвийг улс төрийн тэмцлийн хэрэгсэл бус, иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа нэг гэж үзэхийг уриалжээ. Татвар төлөгчид өөрсдийн төлсөн мөнгө хаашаа, хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй бөгөөд Засгийн газар, УИХ төсвийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод тайлагнах үүргээ хэрэгжүүлэх ёстойг онцолсон байна.

Эх сурвалж: Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб. “Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс өгч буй шүүмж”, 2026 оны аравдугаар сарын 22.

Сэтгэгдэл 0
0/1000
Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ
39 мин өмнө 6
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
42 мин өмнө 6
ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
44 мин өмнө 7
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
46 мин өмнө 40
Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна
53 мин өмнө 18
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
54 мин өмнө 39
БНСУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
1 цагийн өмнө 10
ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
1 цагийн өмнө 44
Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд зориулан нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоно
1 цагийн өмнө 47
Таван мянган тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
2 цагийн өмнө 52
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
3 цагийн өмнө 64
Чингис хаан үндэсний музей маргааш олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ
3 цагийн өмнө 50
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргээх чиглэлээр японы талтай хамтран ажиллах талаар санал солилцлоо
4 цагийн өмнө 14
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 78 объектыг шалгажээ
4 цагийн өмнө 16
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
5 цагийн өмнө 22
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цахилгаан машин цэнэглэх цэгтэй болжээ
5 цагийн өмнө 47
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
5 цагийн өмнө 55
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
5 цагийн өмнө 57
Сүхбаатар Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрийг унтраажээ
6 цагийн өмнө 66
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
7 цагийн өмнө 21
1 / 1