Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна.
Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлага, мэргэжлийн анги, ар гэрийнхэн болон нутгийн иргэдээс бүрдсэн 100 гаруй хүн ажиллаж байна. Түүнчлэн эрэн хайх ажиллагаанд эрэлч нохой, нисэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) болон туулах чадвар сайн автомашин, техник хэрэгслийг дайчлаад байгаа юм.
Эрлийн багийнхан өчигдөр буюу 10-р сарын 25-ны өдрийн 08:00 цагт хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Тодруулбал, нэгдүгээр бүлэг тухайн иргэний гэрээс баруун болон баруун урд зүгт, эрлийн багийн хүн тус бүр хоорондоо 15 метрийн зайтайгаар нэг эгнээнд жагсаж, 2 км-ийн өргөнтэй зурвасаар 12 км-т самналт хийсэн. Улмаар “Шилийн хар толгой”, “Суурин буйр” гэх газрууд хүртэл явж, замд таарах өвөлжөө, хаваржаануудыг нэг бүрчлэн шалгасан байна.
Харин хоёрдугаар бүлэг гэрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэлх бүс нутаг, гуу жалга, уулын хавцлуудыг нисэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн (дрон) тусламжтайгаар агаараас тандаж, шалгасан ч үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас эрлийн ажиллагааг 19:48 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 08:00 цагаас эрлийг дахин эхлүүллээ.
Эрлийн ажиллагаа хад асга ихтэй, уулархаг газарт, цас зарим газраа 40-50 см тогтсон байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд явагдаж байна.