Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2026.09.30/ Бизнес форумаар үргэлжилж буй юм.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Самад Баширлиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, "Монгол Улс Бүгд Найрамдах Азербайжан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол үзүүлдэг бөгөөд харилцааг бүхий л шатанд өргөжүүлэхийг эрмэлздэг" гэдгээ Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр илэрхийллээ. Мөн тэрбээр, газрын тос, нефтийн салбарын геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийхийг урьж, Азербайжан улсаас шатахуун импортлох боломжийн талаар хөндлөө.

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Самад Баширли ярианы эхэнд, "Азербайжан Улсын Эдийн засгийн сайд бөгөөд төрийн өмчит компаниудын Хяналтын зөвлөлийн дарга Микаил Джаббаров Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаярт мэндчилгээ илгээснийг уламжлахын сацуу хоёр улс газарзүйн хувьд алслагдмал боловч түүх, соёлын хувьд ойрхон байж ирсэн гэдгийг онцоллоо. Мөн газрын тос, нефтийн салбарын туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад нээлттэй гэлээ. Түүнчлэн манай улсаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өөрийн улсаар дамжуулан Иран зэрэг улс руу гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол, Азербайжаны худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, 2025 онд худалдааны эргэлт 3.8 сая ам.долларт хүрсэн бөгөөд худалдааны өсөлтөд Монголын хонь, ямааны махны экспорт голлон нөлөөлжээ. Иймд, цаашид худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Одоогийн худалдааны өсөлтийг суурь болгон Монгол-Азербайжаны эдийн засгийн харилцааг мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаанаас илүү өргөн хүрээнд, ноос ноолуур, хөдөө аж ахуй, хүнс, тээвэр, бизнесийн түншлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр төрөлжүүлэх боломжтой гэж үзлээ.
Энэ удаагийн КАРЕК хөтөлбөрийн уулзалтын хүрээнд худалдаа, эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлэх механизмаа хамтран тодорхойлохоор тохиролцлоо. Бүс нутгийн хоёр талд хэдий ч, хамтын ажиллагааны өргөн боломж байгаа гэв.


Одоогоор сэтгэгдэл алга.