Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Мал эмнэлгийн ерөнхий газар болон Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад аймгуудын Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахимаар оролцов.
Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос тавьж буй шаардлагуудад албан ёсны хариулт өгч, Мал эмнэлгийн ерөнхий газрын үйл ажиллагаа, анхан болон дунд шатны байгууллагуудад тулгамдаж буй асуудал, малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, мал эрүүлжүүлэх үйл ажиллагааны төсөв, санхүү, зохион байгуулалт зэрэг сэдвээр байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын хэмжээнд 17 тэрбум төгрөгийн өр үүсээд байсны 7 тэрбумыг нь барагдуулаад байгаа, мөн мал эмнэлгийн байгуулллагын нэгдсэн хяналтын систем ажиллахгүй болоод байсныг сэргээж үйл ажиллагааг нь хэвийн болгосон, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж, хэд хэдэн хуулийн төсөл боловсруулаад байгааг дурдлаа. Үүнд малын хөлийн татварыг нэмэгдүүлэх агуулгатай хуулийн төслийг өргөн барихаар боловсруулж байгаа бөгөөд үүнийг дагаж Төсвийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт орно гэдгийг онцлов. Дээрх хуулиудад өөрчлөлт оруулснаар малын хөлийн татвараас төвлөрдөг орлогыг 13 зүйлд зарцуулдаг байдлыг өөрчилж, мал эрүүлжүүлэх, мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хувийг нь зориулах зохицуулалт бий болно гэдгийг сайд онцоллоо. Мөн УИХ дээр яам, агентлагаас хамааралтай босоо тогтолцоо бүхий төрийн байгууллагуудын дунд шатны удирдлагын томилгоог орон нутгийн Засаг даргын мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл яригдаж байгаа парламентын гишүүдийн дэмжлэг аваад байгаа гэдгийг мэдээлэв.
Түүнчлэн мал эмнэлгийн салбарт тулгамдсан төсөв, санхүү, хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, байрны хангамж, хүрэлцээтэй холбоотой асуудлуудыг шат дараатай шийдэхээр ажиллаж байгаа гэдгийг сайд мэдээллээ. Орон нутагт малын эмч нар дутагдалтай, шинэ төгссөн залуу мэргэжилтнүүд очиж ажилладаггүй, малын эмч нарын цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдэх, анхан, дунд шатны нэгжүүдийн байр, лаборатори, машин техникийг шинэчлэх шаардлага тулгараад байгаа. Тиймээс 2017 оноос зарим аймгийн сумдад амжилттай туршсан “Нэг сум-Нэг мал эмнэлэг” санаачилгыг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй “Цахим хоршоо” төслийн дэд төсөл хэлбэрээр 30 суманд нэмж хэрэгжүүлэхээр болоод байгааг сайд Ц.Идэрбат хэлэв.
Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг инфляцын түвшинтэй уялдуулан малын тарилгын үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн малын эмч нарын хийж гүйцэтгэсэн ажлыг хөлсийг цаг алдалгүй шилжүүлэх шаарлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Буман төл” мал эмнэлгийн захирал Мөнхцэцэг, Төв аймгийн мал эмнэлгийн байгуулллагуудыг төлөөлж Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Болдбаатар нар орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудлыг танилцуулав.
Сайд Ц.Идэрбат мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар болон Монголын мал эмнэлгийн үндэсний холбоо хамтран ажиллах нь чухал, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудын ажил хэрэгч санал, шүүмжлэлийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллана гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Одоогоор сэтгэгдэл алга.