Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн яамны төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, хөтөлбөрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн зөвлөмжийг хүргүүллээ.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор хүргүүлсэн уг зөвлөмжид 6 асуудлыг тусгасан байна.
Тухайлбал, яамны хүний нөөцийг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах, хэлтэс, албадын дотоод уялдаа холбоог хангаж, ажил хүлээлцэхэд тавих хяналтыг сайжруулж, баримтжуулж хэвших, төсвийн төлөвлөлтийг бодит судалгаанд тулгуурлан оновчтой төлөвлөх, төсвийг үндэслэлгүйгээр илүү эсвэл дутуу төлөвлөдөг зөрчлийг таслан зогсоон, санхүүгийн сахилга батыг чангатгаж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах, төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хэмжээнд төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, төсөл, арга хэмжээг хугацаанд нь бүрэн гүйцэд, үр дүнтэй хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагаанд шалгарч, гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ гүйцэтгээгүй хуулийн этгээдийн мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхийг хязгаарлуулах арга хэмжээг авдаг байх, худалдан авах ажиллагаанд гарч буй зөрчлүүдийг таслан зогсоож, ил тод байдлыг хангах, холбогдох хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, яамнаас байгуулсан гэрээний нэгдсэн сан үүсгэн, гэрээг бүртгэж хэвших, гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, Авлигатай тэмцэх газраас 2023 оны 03/11425 дугаартай албан бичгээр тус яаманд хүргүүлсэн эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөртэй холбоотой хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, хариу ирүүлэхийг даалган зөвлөлөө.