Боловсролын сайд Л.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Графтай уулзлаа.
Энэ жил Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр өргөжин, харилцан ашигтай, бодит үр дүнд чиглэсэн олон талт хэлбэрээр хөгжиж байгаад баяртай байгаагаа Боловсролын сайд илэрхийллээ.
“Инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх төсөл, хөтөлбөр”-ийн хүрээнд GMIT-г түшиглэн Монгол Улсад хэлний бэлтгэлийг чанартай зохион байгуулж, улмаар Герман Улсын их, дээд сургуулиудад инженерийн чиглэлээр суралцах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төгсөгчдийг эх орондоо эргэн ирж, үйлдвэрлэл, дэд бүтэц, технологи, инновацийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.
Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ногоон шилжилт, технологийн хөгжилтэй уялдсан “Ногоон мэргэжил”-ийн чиглэлээр хосолмол сургалтыг өргөжүүлэх, “Түншлэлд суурилсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт II” (cTVET) төсөл Германы хамтын ажиллагааны байгууллага /GIZ/-н дэмжлэг дор амжилттай хэрэгжиж байгаа юм.
Мөн 1-2 төрөлжсөн ахлах сургуульд PASCH хөтөлбөрийг хэрэгжүүлж, герман хэлийг гүнзгийрүүлэн заах боломжийг Германы талтай хамтран судалж, хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Одоогоор сэтгэгдэл алга.