Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Мастер болон хүүхдийн бага насны ангиллын барилдаан, тулаанууд амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчид ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж, нэг мөнгөн медаль хүртэн, хэд хэдэн тамирчин шөвгийн дөрөвт шалгарсан амжилт үзүүллээ.
Мастер ангилалд нийт 16 тамирчин өрсөлдсөнөөс Жамсранжавын Алтансүх дөрвөн удаа дараалан ялалт байгуулж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн боллоо.


11 хүртэлх насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн Лхагвасүрэнгийн Мөнхсүлд, Идэрзаяагийн Бат-Ананд, Гантонтохын Анар, Төрмандахын Эрдэнэбилэг нар 40 гаруй тамирчинтай өрсөлдсөн юм. Тус ангиллын финалын дөрөвт Лхагвасүрэнгийн Мөнхсүлд, Идэрзаяагийн Бат-Ананд нар шалгарч, Л.Мөнхсүлд ката төрөлд мөнгөн медаль хүртлээ.


12-13 насны ангилалд М. Хулан Японы тамирчинтай учраа таарч, дэлхийн аваргын тэмцээнээсээ үнэ цэнтэй туршлага хуримтлуулан өндөрлүүлэв.

Мөн энэ ангилалд Энхтөрийн Ананд ката төрөлд дөрвөн удаа өрсөлдөж, шөвгийн дөрөвт шалгаран дөрөвдүгээр байрт орлоо. Тэрбээр дэлхийн аваргын медальд хоёр дахь удаагаа тун ойртсон бол күмитэ буюу тулааны төрөлд хоёр ялалт байгуулж, амжилттай оролцлоо.

14-15 насны ангилалд Чинзоригийн Есөн-Эрдэнэ күмитэ төрөлд хоёр ялалт байгуулж, гурав дахь тулаандаа ялагдсан бол ката төрөлд нэг ялалт байгуулан дараагийн шатанд тэмцээнээ дуусгав. Тэрбээр хурд хүч, ур чадвараараа олны анхаарлыг татаж, сайн өрсөлдөөн үзүүллээ.

Эхний өдрийн тэмцээнд оролцсон тамирчдаараа багш нь бахархаж, тэднийхээ гаргасан амжилт, хичээл зүтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тамирчдынхаа ур чадвар, өсөлт хөгжил, тэмцээн бүрт гаргаж буй ахиц дэвшлийг харах нь багш хүний хувьд хамгийн том урам зориг, бахархал юм.

Харин өнөөдөр Монголын багийн дараагийн тамирчид дэвжээнд гарна.
Junior ангилалд Мөнхдөлийн Тэмүүлэн, Энхтүвшингийн Гантиг, Senior ангилалд Баттөрийн Дарамзагд, Энхтөрийн Ихбаян нар күмитэ буюу тулааны төрөлд өрсөлдөх юм.

Эхний өдрөө амжилт, баяр бахархлаар дүүрэн үдсэн Монголын багийн дараагийн тамирчдадаа халуун баяр хүргэж, өнөөдрийн тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Монголынхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөж яваа тамирчдаараа бахархаж байна.