2026.09.24 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
ПАРЛАМЕНТЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ 15 ШААРДЛАГЫГ УИХ-ЫН ДАРГАД ХҮРГҮҮЛЛЭЭ

“Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс өнөөдөр /2026.08.22/ “Мэдэх эрхтэй-2” аяныг эхлүүлж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог бодитоор хангах 15 шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлж буй тухайгаа мэдээллээ.

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар социологич М.Энхбадрал: УИХ-ын хуралдааныг шууд дамжуулах, ирцийн мэдээлэл нийтлэх нь ил тод байдлын зөвхөн нэг хэсэг бөгөөд хуулийн төсөл хэрхэн өөрчлөгдөж байгаа, иргэдийн санал хэрхэн туссан, аль заалтыг хэн ямар үндэслэлээр өөрчилсөн зэрэг мэдээлэл нээлттэй байх ёстой. Мөн нэгдсэн чуулганы зарим хуралдааны тэмдэглэл хугацаандаа нийтлэгддэггүй, d.parliament.mn-ээр иргэдээс авсан саналын хариу тодорхой бус, хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц дахь өөрчлөлтийг тухай бүрд нь хянах боломж хангалтгүй байгааг ч онцлов.

Манай улсын parliament.mn цахим хуудсанд гишүүдийн боловсрол, мэргэжил, ажилласан байдал л байдаг бол Их Британийн парламентийн цахим хуудсанд гишүүдийнх нь ямар ямар хуулийн төсөл дээр хэрхэн яаж ажилласан, ямар санал гаргасан зэрэг мэдээлэл орсон байдаг ажээ.

Монгол Улсын парламентийн албан ёсны цахим хуудас

Их Британийн парламентийн албан ёсны цахим хуудас

“Мэдэх эрхтэй-2” аяны шаардлагад УИХ-ын гишүүдийн нээлттэй мэдээлэл, ашиг сонирхлын зөрчил, төсвийн зарцуулалт, хуулийн төслийн өөрчлөлтийн түүх, яаралтай горим, парламентын архив болон хэвлэл мэдээллийн хүртээмж зэрэг асуудлыг багтаасан байна.

“Цогц хөгжлийн үндэсний төв” эдгээр шаардлага хэрэгжсэнээр иргэд хууль тогтоох үйл ажиллагаанд илүү бодитой оролцож, парламентын шийдвэр гаргалтад хяналт тавих боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.

УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлсэн шаардлага

1. Парламентын мэдээллийг нээлттэй байлгах нэгдсэн стандарт тогтоож, мэдээллийг бүрэн, шуурхай, үнэн зөв нийтэлдэг болох

Парламентын нээлттэй мэдээллийг иргэд цаг тухайд нь олж авах, ойлгох, бусад мэдээлэлтэй холбон шалгах, татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломжтой байдлаар байршуулах. Улсын Их Хурлын ямар мэдээллийг, ямар хугацаанд, ямар бүтэц, хэлбэрээр нийтлэхийг тодорхойлсон нэгдсэн стандарт тогтоож, парламентын бүх нэгжид ижил мөрдүүлэх.

2. Засгийн газрын боловсруулж буй хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээс өмнө D-Parliament системд байршуулж, иргэдэд санал өгөх боломж бүрдүүлэх

D-Parliament системийн "Боловсруулж буй төслүүд" хэсэгт УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулж буй төслүүдийг нийтэлж байгаа боловч Засгийн газрын боловсруулж буй төслүүд энэ шатанд ижил түвшинд харагдахгүй байна. Иймд хууль санаачлагч хэн байхаас үл хамааран боловсруулж буй төслийг нэгдсэн цахим орчинд эрт үеэс нь байршуулж, төслийн үзэл баримтлал, судалгаа, тооцоо болон холбогдох материалтай иргэд танилцаж, санал өгөх ижил боломжийг бүрдүүлэх.

3. Хуулийн төсөл бүрийн боловсруулалтаас батлагдах хүртэлх бүх мэдээллийг нэг дороос харах боломжтой болгож, батлагдсаны дараа ч бүрэн хадгалах

D-Parliament системд хуулийн төсөл бүрийн үзэл баримтлал, танилцуулга, хэрэгцээ шаардлагын үндэслэл, зардлын тооцоо, үр нөлөөний үнэлгээ, судалгаа болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бусад бүрдүүлбэрийг тухайн төсөлтэй нь хамт байнга хадгалж, хууль батлагдсаны дараа ч олон нийт нөхөн танилцах боломжтой болгох шаардлагатай.

4. Хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг цаг тухай бүрд нийтэлж, өөрчлөлт бүрийг мэдэх боломжтой болгох

Хуулийн төслийн эхийг D-Parliament системд хэлэлцүүлгийн бүх үе шатанд тасралтгүй хөтөлж, ямар зүйл, заалт хэзээ, ямар хуралдаанаар, хэний саналаар нэмэгдсэн, хасагдсан, өөрчлөгдсөнийг өмнөх хувилбартай харьцуулан харах боломжтой болгох нь зүйтэй. Иргэд тухайн үед хэлэлцэж байгаа хамгийн сүүлийн хувилбарт үндэслэн саналаа өгөх боломжтой байх ёстой.

5. Санал хураалт бүрийн мэдээллийг гишүүн тус бүрээр бүрэн нийтэлж, тухайн саналын үр дүнд гарсан өөрчлөлттэй холбох

Нэгдсэн болон Байнгын хорооны санал хураалт бүрийн хувьд ямар асуудал, ямар томьёоллоор санал хураасан, саналыг хэн гаргасан, гишүүн бүр хэрхэн санал өгсөн, ямар үр дүн гарсан, уг саналын үр дүнд хуулийн төсөл болон бусад шийдвэр хэрхэн өөрчлөгдсөнийг нэг дороос харах боломжтой болгох шаардлагатай.

6. Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсэг болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг парламентын нээлттэй байдлын нийтлэг шаардлагад хамруулах

Тамгын газар нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, нам, эвслийн бүлгийн хуралдааны тов, хэлэлцсэн асуудал, ашигласан материал, гаргасан санал, шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан нууцлал, хамгаалалтын шаардлагыг харгалзан тогтмол нийтэлдэг болох шаардлагатай.

7. Чуулган болон Байнгын хороодын хуралдааны тэмдэглэл нийтлэх хугацааг тодорхой болгож, мэдээлэл болон нийтэлсэн огноог үнэн зөв мэдээлдэг болох

Нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны тэмдэглэлийг нийтлэх тодорхой хугацааг тогтоож мөрдүүлэх, хуралдаан болсон огноо болон цахим системд бодитоор нийтэлсэн огноог тус тусад нь үнэн зөв харуулах шаардлагатай. Тэмдэглэлийг дараа нь байршуулсан атлаа өмнөх огноогоор нийтлэгдсэн мэт харагдуулах боломжгүй техникийн бүртгэлтэй байх. Түүнчлэн тэмдэглэлийг бүрэн текстээр хайх, гишүүний нэр, хэлэлцсэн асуудал, хуулийн төсөл болон үг хэлсэн хэсэгтэй холбон ашиглах боломжтой болгох нь зүйтэй.

8. Парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлийн шаардлагад нийцүүлэн нийтэлж, хайх, татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломжтой болгох

Гишүүн, хуулийн төсөл, хуралдаан, ирц, санал хураалт, хороо, ажлын хэсэг, төсөв зэрэг парламентын үндсэн мэдээллийг машинд уншигдах хэлбэрээр нийтэлж, шаардлагатай өгөгдөлд АРІ болон бөөнөөр татаж авах боломж бүрдүүлэх шаардлагатай. Өгөгдөл бүр тогтвортой таних дугаар, тайлбар мэдээлэл, бодитоор нийтэлсэн болон шинэчилсэн огноотой байж, хоорондоо холбогдох боломжтой байх нь зүйтэй.

9. УИХ-ын гишүүн бүрийн парламент дахь ажлын бодит гүйцэтгэлийн мэдээллийг нэг профайлаас цаг тухайд нь авах боломж бүрдүүлэх

Уялдуулан гишүүний профайлд ирц, санал хураалтын оролцоо болон өгсөн санал, санаачилсан болон хамтран санаачилсан хууль, Байнгын болон дэд хорооны ажил, ажлын хэсгийн оролцоо, асуулт, асуулга, хэлэлцүүлэгт оролцсон байдал, хөрөнгө орлого болон ашиг сонирхлын холбогдох мэдээллийг нэгтгэн харуулах шаардлагатай. Эдгээр мэдээлэл нь гар ажиллагаатай тойм тайлан бус эх системээсээ боломжит богино хугацаанд автоматаар шинэчлэгддэг, бодит мэдээлэл байх нь төлөөллийн хариуцлагыг хангахад чухал ач холбогдолтой.

10. Хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодитой, заавал хэрэгждэг механизм бий болгох

Гишүүдийн мэдүүлсэн ашиг сонирхлын мэдээллийг хэлэлцэх асуудалтай урьдчилан тулган шалгах, болзошгүй зөрчлийг тодорхойлох, гишүүн мэдэгдэх, хуульд заасан нөхцөлд санал хураалтад оролцохоос татгалзах, уг мэдээллийг олон нийтэд ил тод болгох механизмыг бүрдүүлэх нь зүйтэй.

11. Иргэдээс авсан саналд заавал хариу өгч, санал шийдвэрт хэрхэн туссаныг олон нийтэд мэдээлдэг болох

Хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог зөвхөн санал авах цахим цонх ажиллуулсан, хэлэлцүүлэг зохион байгуулсан тоогоор хэмжих нь хангалтгүй. Иргэн саналаа өгсний дараа тухайн саналыг авч үзсэн эсэх, төсөлд тусгасан эсэх, тусгаагүй бол ямар үндэслэлтэй байсныг мэдэх боломжтой байх ёстой.

12. Парламентын үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл бие даан ажиглаж, сурвалжлах нөхцөлийг өргөжүүлэх

Чуулганы дүрс дамжуулалтын дор хаяж нэг сувгийг танхимын ерөнхий дүр зургийг тасралтгүй харуулдаг байдлаар ажиллуулах, албан ёсны найруулгатай дүрс дамжуулалтаас гадна парламентын сэтгүүлч, зураглаачид хуралдааны үйл явцыг бие даан ажиглаж, дүрс мэдээ бэлтгэх зохистой нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй. Хэвлэл мэдээллийн нэвтрэх, сурвалжлах журмыг тодорхой, нийтэд нээлттэй, ялгаварлалгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

13. УИХ-ын гишүүд болон парламентын үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар нээлттэй болгох

Улсын Их Хурал, Тамгын газар болон гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой төсвөөс санхүүжүүлсэн зардлын ангилал, зориулалт, гүйцэтгэлийг хуульд заасан нууцлал, хувийн мэдээллийн хамгаалалтыг ханган, дэлгэрэнгүй, ойлгомжтой, жил хооронд харьцуулж болохуйц, дахин ашиглах боломжтой мэдээллээр нийтэлдэг болох шаардлагатай.

14. Парламентын хэлэлцүүлгийг бодит бодлогын мэтгэлцээн, олон байр суурийг сонсох үндсэн талбар болгон бэхжүүлэх

Хуулийн төсөл, төсөв болон бодлогын томоохон асуудлын хэлэлцүүлгийг хэт формаль, хугацаанд шахагдсан үйл ажиллагаа болгохгүй байх, өөр байр суурь, цөөнхийн санал, нотолгоонд суурилсан мэтгэлцээнийг зохистой хэмжээнд хангах, хэлэлцүүлгийн тэмдэглэл, дүрс бичлэг, саналын томьёолол болон санал хураалтын үр дүнг бүрэн нээлттэй байлгах нь зүйтэй.

15. УИХ-ын гишүүний чөлөөт мандат, бие даасан байдлыг хамгаалж, парламентын институцийн хараат бус байдлыг сулруулах зохицуулалтаас сэргийлэх

УИХ-ын гишүүний Үндсэн хууль, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцэх, асуулт асуух, санал гаргах, байр сууриа илэрхийлэх, санал өгөх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарлах дотоод дүрэм, сахилгын болон бусад механизм бий болгохоос зайлсхийх шаардлагатай.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

ПАРЛАМЕНТЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ 15 ШААРДЛАГЫГ УИХ-ЫН ДАРГАД ХҮРГҮҮЛЛЭЭ
1 цагийн өмнө 48
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1 цагийн өмнө 37
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдэвт дугуй ширээний уулзалтыг мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион баыгууллаа
1 цагийн өмнө 7
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
2 цагийн өмнө 39
Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2 цагийн өмнө 10
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
2 цагийн өмнө 52
Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2 цагийн өмнө 12
С.Даваасүрэн “Монгол Улс ба БНХАУ-ын Ляонин мужийн эдийн засаг, худалдааны харилцааг танилцуулах хурал”-ыг нээж үг хэллээ
3 цагийн өмнө 12
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
3 цагийн өмнө 56
Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг шинжээчдийн бэлтгэсэн тайлан, мэдээлэлтэй танилцлаа
3 цагийн өмнө 15
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн наймд шалгарчээ
5 цагийн өмнө 19
“Сан Петролиум” ХХК 16,000 м³ шатахууны нөөц хадгалах савыг ашиглалтад орууллаа
5 цагийн өмнө 46
Уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
6 цагийн өмнө 52
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 55 хувьтай байна
6 цагийн өмнө 48
“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо
2026-09-23 66
Засгийн газар “Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлого хэрэгжүүлнэ
2026-09-23 51
Монгол Улсад 1,2 сая хүн хөдөлмөр эрхэлж байна
2026-09-23 15
Архангай аймгийн Цэнхэр сумын 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
2026-09-23 16
122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
2026-09-23 52
НАСА: Google Maps үзэж байсан хүн 390 сая жилийн настай солирын тогоо илрүүлжээ
2026-09-23 63
1 / 1