Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ургац хураалтын явцын талаар мэдээлэл өгөв.
Улсын хэмжээгээр 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 36.6 мянган га-г ангилан хадаж, 186.9 мянган га-гаас 273.9 мянган тонн үр тариа,10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 111.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 34.8 мянган га-аас 124.1 мянган тонн, тосны ургамал 19.1 мянган га-аас 11.3 мянган тонн тус тус ургац хураан авсан байна.
Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн. Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
Өнөөдрийн байдлаар ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломжтой. Улсын ургацын комиссын мэдээлснээр,
-Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга судалгааг авч хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 645 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 135 цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 1554 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 676 сонсогч, байнгийн 21500, түр ажилчид 393, нийтдээ 25324 хүн ургац хураалтад оролцож байна.
-Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс 2026 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар 52.6 мянган тонн нөөц бүрдүүлсэн байна.
Одоогоор сэтгэгдэл алга.