Сүхбаатар аймаг, Сүхбаатар сумын Баянгол багийн “Хайлааст" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн анги, Асгат сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 17:05 цагт цурманд оруулсан бөгөөд 10.28-ны өдрийн 07:20 цагт бүрэн унтрааж тус сумын Ланз багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 8000 га талбай өртөж шатсан.
Мөн Сүхбаатар аймаг, Халзан сумын Сахиул шанд багийн “Улаан худаг" гэдэг газар /аймгийн баруун урд зүгт 35 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгаас иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 19:10 цагт цурамд оруулсан бөгөөд 21:10 цагт бүрэн унтрааж 2 дугаар багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Урьдчилсан байдлаар 800 га талбай өртөж шатсан. Уг хээрийн түймрээс Сахиул шанд багийн иргэн А-ийн 400 гаруй хонь, 110 гаруй адуу, 180 гаруй үхэр, 200 боодолтой өвс, хашаа 3, автомашин 4, 5 ханатай 3 гэр, 4 ханатай хоёр гэрийг авран хамгаалсан.
Дорнод аймаг, Халхгол сумын Ташгай багийн "Тэрэгтийн дунд-Ухаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 450 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 160 км-т/ Монгол Улсын хилийн 1127-1128 дугаар тэмдэгтээр БНХАУ-аас 1 км өргөнтэй хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 62 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 2 дугаар заставын алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:30 цагт цурманд оруулсан бөгөөд 22:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 6500 га талбай өртөж шатсан.