Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тогтоох судалгааны ажлыг бэлтгэл ажил, хээрийн судалгаа, суурин боловсруулалт, дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж буй. 2026 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эхний хоёр үе шат буюу зайнаас тандан судлалын мэдээлэлд боловсруулалт хийх, хээрийн хэмжилт, дээжлэлт, судалгааны ажлыг эрдэмтэн, судлаач, шинжээч, албан хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг дуусгажээ.
Одоогоор цуглуулсан мэдээлэл, дээж, хэмжилтийн үр дүнг боловсруулах ажил үргэлжилж байна. Үүний дараа байгаль орчинд учирсан хохирлын нэгдсэн үнэлгээ, шинжээчдийн дүгнэлтийг гаргана.
Ажлын хэсгийнхэн хээрийн судалгааны үеэр цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд ургамлын үндэс болон хөрсний органик бүрэлдэхүүн хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарт гарсан өөрчлөлт, экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлох ажил үргэлжилж байна.
Урьдчилсан судалгаагаар 24 мянга орчим га ойн экосистем түймэрт өртсөн байна.
Харин шаталтын зэрэглэл, ойн насжилт зэрэг нарийвчилсан үзүүлэлтийг судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлтээр танилцуулах аж. Мөн тал хээрийн экосистемийн биомасс гадаргын гүймэг түймэрт өртсөнтэй холбогдуулан Нөмрөгөөс цуглуулсан дээжийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс 2024, 2025 онд бүрдүүлсэн ургацын дээжтэй харьцуулан судлах юм байна.