Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг манай гарагийн сая сая шатарчид, шатар сонирхогчдын чих тавин хүлээдэг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиад есдүгээр сарын 15-нд Узбекистаны Самарканд хотод албан ёсоор нээлтээ хийлээ.
Хоёр жил тутамд болдог олимпиадын нээлттэй болон эмэгтэй ангилалд 188 орны 400 орчим үндэсний шигшээ баг оролцож байна. “Оюуны спортын олимп” гэгдэх тус тэмцээнд Монголоос ФИДЕ мастер Б.Ану, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй баг оролцож байгаа юм.
Нэгдүгээр өрөгт Монголын эрэгтэй баг дэлхийн чансааны 155 дугаарт эрэмбэтэй Нидерландын бүрэлдэхүүнд багтдаг Аруба арлын багтай тоглоно. Багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Г.Амартүвшин, Х.Итгэлт, нөөц тоглогчоор Ү.Агьбилэг нар бий.
Харин эмэгтэйчүүд эхний өрөгт 109-д эрэмбэтэй Палестиний багтай өрсөлдөх юм. Багийн бүрэлдэхүүнд олон улсын мастер Б.Мөнгөнзул, их мастер Т.Мөнхзул, кандитат мастер Х.Баясгалан, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, нөөц тоглогчоор олон улсын мастер Б.Баярмаа нар багтсан.
Ташрамд дуулгахад, Дэлхийн шатрын олимпиадад Монголын эрэгтэйчүүд 1970 онд 16-р байрт, эмэгтэйчүүд 1990 онд 12-р байрт эрэмбэлэгдсэн нь хамгийн дээд амжилт юм.
Одоогоор сэтгэгдэл алга.