Монголбанк, Германы Төв банк (Бундесбанк) хооронд 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Банкны хяналт шалгалтын үнэлгээний үйл явц” сэдэвт сургалтыг 10 дугаар сарын 27–29-ний өдрүүдэд хамтран зохион байгууллаа.



Сургалтыг Германы Төв Банкны Хяналт шалгалтын үнэлгээний үйл явц (SREP)-ын хэрэгжилт хариуцсан нэгжийн захирал Анжела Хоффмэн, Хамтарсан хяналт шалгалтын багийн хянан шалгагч Жулиа Наурот нар удирдан явуулж, Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын 35 хянан шалгагч хамрагдав.






Сургалтын хүрээнд банкны эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын үнэлгээний аргачлал, бизнес загварын үнэлгээ, банкны салбарт шинээр үүсэж буй эрсдэл, сорилтуудыг авч үзлээ. Мөн олон улсын сайн туршлага, бодит кейс судалгаанд тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилын талаар мэдлэг, туршлага солилцлоо. Сургалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Бундесбанкны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, Монголбанкны хянан шалгагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ. Тэрээр хоёр улсын Төв банкны хамтын ажиллагааг өргөжүүлж, банкны хяналт шалгалтын чиглэлээр мэдлэг, туршлага солилцох үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхийн ач холбогдлыг онцлов.
.jpg)

Энэхүү сургалт нь Монголбанкны хяналт шалгалтын чадавхыг бэхжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга зүйг боловсронгуй болгох, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны нэг чухал хэсэг юм. Цаашид Монголбанк Бундесбанктай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хяналт шалгалтын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, банкны хяналт шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
