Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал сургууль, цэцэрлэгт суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн явцтай танилцаж, үр дүнг хэлэлцлээ. Хүүхдийн эрүүл мэнд бол нэг салбарын асуудал биш, Засгийн газар, эрүүл мэнд болон боловсролын байгууллага, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын хариуцлага гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Эрт илрүүлгийг хамрагдалтын тоо хэмжээгээр биш эрсдэлийг арилгаж, бодит үр дүнд хүргэхэд анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглээд эрсдэл илэрсэн хүүхэд бүрийг оношилгоо, эмчилгээ, сэргээн засах үйлчилгээ, хяналтад бүрэн хамруулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой гэв.

2026 оны аравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 3, 6, 11, 15 насны 286 мянган хүүхдийн 178 мянга буюу 62.2 хувь нь үзлэгт хамрагдаж байна. Хүүхдийн өсөлт хөгжил, хараа, зүрхний үйл ажиллагаа, нурууны муруйлт, сэтгэцийн эрүүл мэнд, амны хөндийн эрүүл мэнд болон хөгжлийн онцлогтой холбоотой эрсдэлийг илрүүлж байна.
Гурван настай хүүхдийн өсөлт, хөгжлийн үнэлгээг нарийвчлан хийж, хэл яриа, хөдөлгөөн, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн хоцрогдол болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэн шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд холбож байна. Ингэснээр хүүхдийн эрүүл мэндийг ураг байх үеэс нярай, бага нас, цэцэрлэг, сургуулийн нас хүртэл тасралтгүй хянах, хөгжлийг нь бүрэн тогтолцоогоор дэмжих суурь бүрдэж байна гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

E-Mongolia болон E-Kids системээр дамжуулан хүүхдийн үзлэгийн дүн, эрүүл мэндийн зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулахад зөвлөмж, зөвлөгөө өгөх хэрэгтэй. Эцэг эх, асран хамгаалагчидхүүхдийнхээ эрүүл мэндийн талаар бодит мэдээлэл авч, эмчийн зөвлөгөөг хэрэгжүүлэн, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахад дэмжлэг болно гэдгийг хэлж байлаа.




