БНХАУ-ын Фүжянь мужийн Фүжөү хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд “Бүс ба Зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум эхэллээ.
“Санаа зорилго нэгдвэл уул усны бэрхшээлийг давж, Торгоны замаар нэгдсэн дуу хоолойг түгээе” уриан дор зохион байгуулагдаж буй тус форумд дэлхийн 100 улс болон олон улсын, бүс нутгийн байгууллагыг төлөөлсөн 182 хэвлэл мэдээллийн байгууллага, институцийн 200 гаруй гадаадын төлөөлөгч оролцож байна.
Форумыг БНХАУ-ын “Ардын өдөр тутмын сонин” болон Фүжянь мужийн Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орнуудын харилцан ойлголцол, ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх асуудлыг хөндсөн юм.
Форумын хүрээнд “Бүс ба Зам” мэдээллийн хамтын ажиллагааны сүлжээ буюу BRNN-ийн Дөрөвдүгээр зөвлөлийн хурал болж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Лувсандашийн Нинжжамц тус хурлын үеэр үг хэлж, олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнтэй, тогтвортой механизм болгон хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах чиглэлээр бодит ажил хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Үүнд:
• Хил орчмын бүс нутгийн сэтгүүлчдийн хамтын ажиллагааг дэмжих;
• Байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдлыг сурвалжилдаг сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах сургалт зохион байгуулах;
• Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлаар хамтарсан сурвалжилга, бүтээл туурвих;
• Хиймэл оюуны хэрэглээний ёс зүй, баримт шалгах арга зүйг хөгжүүлэх;
• Залуу сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага солилцоог өргөжүүлэх.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь BRNN-ийн үүсгэн байгуулагч гишүүн байгууллагуудын нэг юм. Тус сүлжээний санаачилгыг 2017 онд дэвшүүлж, 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Бээжин хотноо анхны Зөвлөлийн хурлаа хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анхны 40 үүсгэн байгуулагч байгууллагын албан ёсны жагсаалтад Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл багтсан байдаг.
BRNN-ийн 2026 оны аравдугаар сарын танилцуулгад дурдсанаар, тус сүлжээ өдгөө 120 орны 327 хэвлэл мэдээллийн байгууллагыг нэгтгэж, 41 байгууллага Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны энэхүү сүлжээг үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн төлөөлөн оролцож ирсэн бөгөөд Дөрөвдүгээр зөвлөлийн хүрээнд ч УЗ-ийн гишүүн байгууллагын хувьд Монголын сэтгүүлчдийн дуу хоолой, мэргэжлийн байр суурийг илэрхийлэн ажиллаж байна.
