Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “Хууль зүйн салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин арга хэмжээ” өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Засгийн газрын XI байрны 1 давхарт байрлах “Зөвшөөрлийн мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн нар нээж үг хэллээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ нээлтийн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрийн зохицуулалтын давхардал, хүнд суртлыг арилгах, иргэн, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй саад, хязгаарлалтыг бууруулах чиглэлээр эрх зүйн болон бодлогын шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Тэрбээр зөвшөөрлийн шинэчлэлийн хүрээнд өргөдөл шийдвэрлэх хугацаа 45 хоногоос 14 хоног, бүрдүүлэх баримт бичгийн тоо дунджаар 15-аас 5 хүртэл буурч, 40 мянга гаруй хүсэлтийг цахимаар шийдвэрлэсэн бодит үр дүн гарсныг тэмдэглэв.
Мөн төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл, мэдэгдэл болон холбогдох төрийн үйлчилгээний талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө хүргэх, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтойг дурдав. Эдийн засаг, хөгжлийн яамнаас зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, бизнес эрхлэгчдийн хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн арга хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Сангийн яам болон харьяа байгууллагуудаас олгож буй зөвшөөрлийн өнөөгийн байдал, хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашдын шинэчлэлийн чиглэлийн талаар танилцууллаа.
Тэрбээр Сангийн яамнаас Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хүрээнд хоёр төрлийн тусгай, гурван төрлийн энгийн зөвшөөрөл, нэг төрлийн мэдэгдэл олгодог бөгөөд зөвшөөрөл олгох хүсэлтийг “License.mn” системээр 100 хувь цахимаар хүлээн авч, шийдвэрлэж байгааг онцлов.
Мөн зөвшөөрлийн шинэчлэлийг зөвхөн цахимжуулалт, зөвшөөрлийн тоог бууруулах хүрээнд бус, тухайн үйл ажиллагааны эрсдэлийн түвшинд нийцүүлэн нөхцөл, шаардлагыг оновчтой болгох, бүрдүүлэх баримт бичгийг цөөрүүлэх, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах, шийдвэр гаргах үйл явцыг шуурхай, ил тод, хариуцлагатай болгоход чиглүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Түүнчлэн өнөөдрийн хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчдийн бодит хүндрэл, тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх оновчтой шийдэл, санал санаачилгыг боловсруулахын чухлыг онцоллоо.
Танилцуулгын эхэнд Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-н ахлах мэргэжилтэн А.Ундрал “Зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлт”, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах шинжээч Ц. Наранзул “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт” сэдвээр мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч. Чимидсүрэн “ Сангийн яамнаас олгох зөвшөөрөл, санхүүгийн салбарын цахимжилт”, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, хорио цээрийн газрын дарга Б. Сүхбаатар “Гаалийн ерөнхий газраас олгох зөвшөөрөл, төрийн үйлчилгээ, цахимжилт, анхаарах асуудал”, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль зүйн газрын ахлах мэргэжилтэн О. Отгонбаяр “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” танилцуулга хийж оролцогчид асуулт, санал хүсэлтээ илэрхийлэн харилцан мэдээлэл солилцлоо.
ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС ХҮРГЭНЭ
Арга хэмжээний 11 дүгээр сарын 23-27 хооронд “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д Сангийн яамны харьяа байгууллагууд эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс хүргэж ажиллах болно.
Тус өдөрлөгийн үеэр буюу Даваа-Баасан гарагт 10:00-17:00 цагийн хооронд
- Сангийн яам
- Гаалийн ерөнхий газар
- Татварын ерөнхий газар
- Хилийн боомтын захиргаа
- Санхүүгийн мэдээллийн технологийн төв
- “Төрийн банк” ХК
- “Үндэсний давхар даатгал” ХК
- “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК
зэрэг байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж холбогдох салбарын зөвшөөрөл, лавлагаа, тодорхойлолт, төрийн үйлчилгээний талаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авна.
Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхнийг эдгээр өдрүүдэд зохион байгуулагдах сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөө мэдээллийн өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна!