Монгол хүүхдийн хэл ярианы хөгжил, үгийн нөөц багасаж, хүүхэд хэлд орой орох, өөрийгөө илэрхийлэх чадвар суларч байгаа нь нийгмийн түүвэр судалгаагаар илэрч байна.
Тухайлбал, Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний хэл ярианы сургалтын чиглэлийн хүүхдийн хөгжлийн дундаж үзүүлэлт 67,8 хувьтай байгаа нь 10 хүүхэд тутмын 3 нь хэл ярианы хөгжлөөр сургуульд суралцах бэлтгэл хангагдаагүй байгаа юм.
Харин хүүхдийн тархи хамгийн эрчимтэй хөгжиж буй 0-5 насанд номтой ойр өсгөх нь хэл ярианы хөгжил, нийгэмшихүй, сэтгэн бодох чадвар зэрэгт эергээр нөлөөлж цаашдын суралцахуйн амжилт болоод амьдралын чанарын суурийг тавьж өгдөг.
Хүүхэд байнгын ном унших дадалтай болсноор:
• Хэл ярианы баялаг нэмэгдэнэ: Байнга ном сонсдог хүүхдүүдийн үгийн сан хурдан тэлж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь сайжирдаг.
• Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хөгжинө: Номын дүрүүдийн үйлдэл, мэдрэмжээр дамжуулан хүүхэд бусдыг ойлгох (эмпати) болон өөрийн сэтгэл хөдлөлийг таньж сурдаг.
• Сургуульд амжилттай бэлтгэгдэнэ: Бичиг үсгийн суурь чадвар (үсэг таних, авиаг ялгах) эрт бүрэлдсэнээр сургуульд орохдоо дасан зохицох чадвар нь өндөр байдаг.
• Гэр бүлийн нандин холбоо үүснэ: Ном унших үйл явц нь зөвхөн мэдлэг олгохоос гадна эцэг эх, хүүхдийн хооронд аюулгүй, дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.
Иймд Боловсролын яам, Азийн сантай хамтран бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалтыг хувийн хэвшлийн төлөөллийн оролцоотой зохион байгууллаа.
Энэхүү уулзалт нь хувийн хэвшлийн төлөөлөл нийгмийн сайн сайхны төлөө төрийн бодлого хэрэгжилтэд хамтран ажиллах цаашдын хамтын ажиллагаа болоод Монголын ирээдүй хойч хүүхэд багачууд номтой ойр өсөн хөгжих боломжийг бүрдүүлэхэд чухал юм.
Одоогоор сэтгэгдэл алга.